Өнөөгийн нийгэмд тулгамдсан, сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлуудын нэг бол утаа. Хорт утаанаас үүдэлтэй таагүй зүйлүүд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь аюулын харанга дэлдэж нийгмийг түгшээсээр.
“Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа бяцхан үрсийн төлөө сайн үйлс өрнүүлж “Маск аян” зохион байгуулж байгаа билээ. Тэрбээр төрсөн өдөртөө зарцуулах мөнгөө олны төлөө нийгэм рүү чиглэсэн сайн үйлсэд зориулахаар шийдсэн нь ийн аян болж өрнөжээ. Түүний хойшид үргэлжлүүлэхээр эхлүүлсэн энэхүү аяныг олон хүн дэмжиж нэгдсээр байна.
Урлаг, спорт, боловсрол, бизнес, эрүүл мэндийн салбарынхныг нас, хүйс харгалзахгүйгээр нэгтгэж чадсан “Маск аян”-ынхан Улаанбаатар хотын хамгийн их хүн ам оршин суудаг, утаа ихтэй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь гэр хорооллын болоод ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд маск үнэгүй тараав.
Өөрийн хүслээр уг аянд нэгдэн оролцож, маск тарааж буй хүмүүс дуучны эхлүүлсэн энэ ажилд сэтгэл өндөр байгаагаа цахим хуудастаа бичжээ. Мөн түүнээс маск авч зүүсэн хүүхдүүд баярлаж талархсанаа ч илэрхийлсээр байна. М.Амарсанаагийн эхлүүлсэн аяны урианд хотынхон төдийгүй хөдөө орон нутаг, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд ч нэгдэж эхэллээ. Ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ төлөө алдар нэр, албан тушаалаа умартан санаа нийлэн нэгдэж байгаа нь ямар олон хүн утааны асуудалд сэтгэлээ чилээн түгшсэнийг харуулж байна.
Тэрбээр өмнө нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын түймэрт нэрвэгдсэн иргэдэд аян өрнүүлж сэтгэл гарган, гар сунгаж тусалж байсан билээ. Улс төрчдийн утааны эсрэг олон ажил сэдэж эхлүүлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй энэ “чимээгүй үхэл”-д иргэд зүгээр хордож суухыг хүсээгүй гэдгээ энэ аянаар илэрхийллээ.