Эзэнгүй ойд бясалгал үйлдэж байсан ламыг цоохор ирвэс барьж, амийг нь хороосон байна.
Энэтхэгийн Махараштра мужид Буддын шашны лам Рахул Валке бясалгал хийн модон доор сууж байжээ.
Ламын бясалгаж байсан Тадоба ой нь зэрлэг бар, цоохор ирвэстэй дархан цаазтай бүс юм байна.
Валке лам уг ойд байдаг Буддын сүмд шавилан суудаг ч бясалгал үйлдэхдээ сүмээс холдож анир чимээгүй газар очжээ.
Сүмийн өөр нэг лам Валкед хүнс дөхүүлэхээр ирэхэд нь цоохор ирвэс дайрч байсан байна. Үүнийг харсан лам сүм рүү эргэн гүйж тусламж дуудаад ирэхэд нь ирвэс хэдийнээ амь насыг нь бүрэлгэчихсэн байж.
Тадоба ойн хамгаалагчид лам нарыг сүмээсээ холдохгүй байхыг үргэлж анхааруулдаг гэжээ.
Ойн хамгаалагчид ламыг барьж идсэн цоохор ирвэсийг барихаар хайж байна.
Мужийн эрх баригчид харамсалтайгаар амиа алдсан ламын гэр бүлд 1,2 сая рупи буюу 16,762 ам.долларын нөхөн олговор өгөхөөр болжээ.
Эх сурвалж: www.bbc.com