Халхын Зая гэгээнтний түүхэн амьдралаас сэдэвлэн бүтээсэн Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хөгжим, найруулагч Д.Ганболдын найруулсан "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийн нээлт Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрт боллоо. Энэхүү жүжгийг бүтээхэд театрын хамт олны авьяас чадвараас гадна тус аймгийн Багшийн сургуулийн хамт олон, ТV9 телевиз, Архангай медиа грүп, аймгийн ЕБС-ууд болон санхүүгийн дэмжлэг үзүүлж хандив өргөсөн гээд нутгийн олон хүн сэтгэл зүрхээ зориулжээ.
Шашин төрийн гурван зулын нэг халхын Зая гэгээнтний амьдралыг ийн урлагаар дамжуулан түмэн олонд таниулах ажлыг анх түүхийн зөвлөх МУСГЗ Г.Жамц санаачилсан аж. Уг түүхэн дуулалт жүжгийн Зая гэгээнтний дүрийг Б.Содов бүтээсэн бол зохиолыг яруу найрагч Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва бичин, зураачаар нь Ч.Батболд ажиллажээ. Лувсанпэрэнлэй 1670 онд “Утгын 35 чимгийн үлгэр” хэмээх зохиолыг бичсэн бөгөөд 120 гаруй намтар зохиол багтжээ. 1675 онд Түшээт ханы шастир, “Гүн агуу их дээдийн номыг хүртсэний тэмдэглэл” хэмээх дөрвөн боть бүтээлдээ Ганжуур, Данжуурыг бүтээсэн монгол, энэтхэг, төвдийн сэтгэгчдийн намтар түүхийг дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг нь үнэтэй эх сурвалж болсон юм.
С.Лувсанпэрэнлэй шашин гүн ухаан, яруу найргийн онолын зохиолыг орчуулахын зэрэгцээ зохион бичих ажлыг өргөн хэмжээтэй хийсэн эрдэмтэн. Тэрбээр улс төрийн үзлийн хувьд шашин, төрийг хослох ёсыг баримталж байсан бөгөөд буддын шашнаар бүх монгол угсаатныг холбож, улмаар үндэсний нэгдсэн төрийг сэргээн босгож, эв нэгдэлтэй, энх тайван амьдарч болно хэмээн үзэж байв. Зая бандида дан ганц шашин номын ажлыг голлосонгүй төрийн чухал ажил үйлсэд ч оролцож байжээ. Халх, ойрадын олон аймгийн чуулган болон Өндөр гэгээн Занабазар, Жанжаа хутагт нартай удаа дараа зөвлөлдөж, Өвөр Монголын олон хошуудаар уригдан залагдаж сүм хийд байгуулах, ном заах зэрэг ариун үйлсийг олонтаа эрхлэж байв. Тэрээр цаст төвдийн номын мэргэдийн дунд ном эрдмээрээ гайхагдсан нэгэн байжээ.