Жил бүр дэлхийд хамгийн их нөлөө үзүүлсэн онцлох хүмүүсийг нэрлэдэг “Time” сэтгүүл энэ удаад ч уламжлалаа алдсангүй. Энэ онд сэтгүүлийн редакц шударга үнэнийг хамгаалагчдыг онцолж дөрвөн дугаарынхаа нүүр хуудсыг чимжээ.
Орчин цагт шударга үнэн байдал хөлийн уланд гишгэгдэх болсон тул тэд өөрсдийн дуу хоолойг шударгаар хүргэж чаддаг сэтгүүлчдийг нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хэмээн нэрлэсэн байна.
Истанбул хотод амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги, Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, таван хамтрагчаа алдсан Мэрилэндийн “Капитал Газетте” групп болон Мьянмарт хоригдож байгаа “Reuters”-ийн сурвалжлагчид Ва Лонь, Киав Сое Ү нарыг онцолсон байна.
“Капитал Газетте”-ын хамт олон
Өдөр тутмын сонины редакц Роб Хиасен, Венди Винтерс, Жеральд Фишмэн, Жон МакНамара, Ребекка Смит нарыг халдлагын үеэр амиа алдсаны дараа уншигчдадаа зориулан ил захидал илгээжээ. Үүнд “Ард түмний эсрэг үйлдлийг бид хэзээ ч мартахгүй. Шударга бус, буруу бүхний эсрэг тэмцэх нь бидний хийх зүйл. Тиймээ бид ажлынхаа үнэ цэнэ, итгэл үнэмшлийг авчирна. Бид үнэнд л итгэнэ” хэмээн дурдсан байна.
Ва Лонь, Киав Сое Ү
Мьянмарын үндэсний цөөнх Рохинжа Исламчуудын хэргийг мөрдөн сурвалжилж байсан “Reuters” агентлагийн сэтгүүлчид баригдсан юм. Тус агентлаг бодит байдалтай танилцаж Рахайн мужийн үнэн дүр төрхийг анх удаа сурвалжилсан. Мьянмарын цэрэг цагдаа нарын гарт амиа алдсан Рохинжа иргэдийн дунд загасчид, дэлгүүрийн эзэд, Исламын багш, өсвөр насны хоёр хүүхэд байжээ.
Филиппиний “Rappler” цахим хуудасны эрхлэгч Мариа Ресса
Мариа Ресса Сэтгүүлчдийг хамгаалах хорооны үйл ажиллагаан дээр хэлэхдээ “дэлхий даяар сэтгүүлч сурвалжлагчид халдлагад өртсөөр байна. Бид ямар нэг айдас, ашиг сонирхол харалгүй мэдээллэх хэрэгтэй. Өнгөрсөн 10 жилийн түүхээ харвал бид бүгдийг чадсан, чадах ч болно. Бид зугтаж алга болохгүй, нуун дарагдуулахгүй. Бид бол Рапплер” гэжээ.
Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги
Жамал Кашогги Саудын Арабаас гарч АНУ-д амьдарч байхдаа Вашингтон Пост сонинд нийтлэлээ өгдөг байсан юм. Энэ онд Турк бүсгүйтэй хуримаа хийхийнхээ өмнөх өдөр Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт ороод эргэж гарч ирэлгүй, бусдын гарт амиа алдсан. Таалал төгсөхөөсөө өмнө Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы худал амлалтыг буруушааж эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн ард нуугдаж буй баривчилгаа, шашны бурангуй үзлийг ил тодоор зэмлэж байжээ.
Эх сурвалж: www.qz.com