Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол Улсын хилийн зурвасыг дамнан хайгуулын ажил хийж буй талаар "Босоо хөх Монгол" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Босоо хөх Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа "Манай байгууллагын гишүүд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших хилийн зурваст нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу саяхан очоод ирлээ.
Очсон даруйд бид Монгол Улсын хилийн хамгаалалтын тор эвдэрсэн байдалтай байсан талаар мэдээлж байсан. Хэдэн жилийн өмнө тус бүс нутагт түймэр гарсны улмаас 200 орчим километр талбайн хилийн хамгаалалт, хашаа эвдэрч, гэмтсэн байсан.
Тухайн үед түймэр гарсны дараа эдгээр хилийн хамгаалалтын торыг янзалж, засах зайлшгүй шаардлагатай байсан тул төр засгаас төсвийг гарган, засварлахыг хүссэн.
Гэвч тэр үеэс хойш одоог хүртэл засварлаагүй байна. Харин Хилийн цэргийн заставынхан нэр бүхий газраас хандив авч, 70 километр зайны торыг татаж, өөрсдөө засварласан байна.
Мөн энэхүү хилийн завсар газарт гаднын хөрөнгө оруулалттай "Макс Ойл" ХХК, БНХАУ-ын "Датун" ХХК-тай хамтран хилийн торыг сэтлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажилладаг юм байна" хэмээн мэдээлэв.