Гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Өндөр уулын авиралтын хорооны дарга, Уулын спортын II зэрэгтэй уулчин Н. Батсайхан нар Говь-Алтай аймгийн Тонхил сумын цэцэрлэгт хоёр ширхэг Аcer брендийн иж бүрэн компьютер бэлэглэжээ. Тэд нөхдийн хамт Монгол бахархлын өдрөөр Төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрханд өвлийн авиралт амжилттай гүйцэтгэсэн юм. Тонхил суманд зочлох үеэр тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан компьютер бэлэглэхээр шийдсэн байна.
Сонирхуулахад тус цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд “Сутайн бор” клубын уулчин тамирчид бий. Эрхлэгч Т.Отгонжав уулын спортын II зэрэгтэй, багш П.Мөнхцэцэг өндөр уулын авиралтаар хичээллэдэг, МУҮХ-ны календарчилсан төлөвлөгөөний дагуу Цамбагарав хайрханд 2015 онд зохиогдсон Альпинадад амжилттай оролцож багийн дүнгээр түрүүлсэн бол тогооч Д.Юнзмаа Альпинадууд, нэрэмжит авиралт болон бусад тэмцээн уралдааны үеэр баг тамирчдаа амт, чанар сайтай хоол ундаар дайлдаг аж.