1980-ээд онд чөлөөт бөхийн 68 кг-ын жинд дэлхийд данстай хоёр хүчтэн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд, олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга ОХУ-ын домогт бөх Арсен Фазаев нарын алдар нэр ид мандаж байсан үе.
“Киев-1983, “Будапешт-1985” ДАШТ-ий финалд, 1984 онд Болгарын нийслэл Софид болсон “Найрамдал” наадамд хоорондоо таарч Фазаев Болдыг ялж байсан удаатай. Хэдийгээр тэд нэг жинд өгөө аваатай хүчтэй өрсөлдөгч явсан ч өдгөө нэгнийхээ дотны найз, сайхан нөхөрлөдөг андууд. Б.Болд гавьяат найзынхаа урилгаар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Владикавказ хотод зохион байгуулагдсан “Аланы” тэмцээнийг үзэж сонирхсон байна.