Дэлхийн долоон гайхамшгийн нэгд багтдаг Гизагийн агуу пирамид дээр нүцгэлж, садар самуун сурталчилсан гэх Данийн хосын хэргийг Египет улсын Засгийн газар мөрдөн шалгаж байна. Уг хэрэг Исламын шашинтай, түүхэн өв соёлтой улсын шашин соёлыг гутаан доромжилсон явдал хэмээн шүүмжлэгчид буруутгаж байгаа юм.
Прокурорууд шуугиан тариад байгаа уг бичлэг эвлүүлэг үү, аль эсвэл жинхэнэ үү гэдгийг нэн түрүүнд шалгаж байна. Египетийн төрийн мэдлийн Аль Ахрам сонинд мэдээлснээр 140 метр өндөр пирамидын дээрээс зураг авсан хүмүүс хэрхэн авирч гарсан нь тодорхойгүй бөгөөд уг дүрс бичлэгийг хуурамч гэж үзээд байжээ.
Дани улсын иргэн Андреас Хвид найз эмэгтэйн хамт 4,500 жилийн настай агуу пирамидын оргилд авирсан бичлэгийн төгсгөлд эмэгтэй дотуур хувцсаа тайлан, хамт нүцгэлэн хэвтэж байгааг харуулсан байна. Зурагчин Андреас өөрийн Ютуб сувагтаа байршуулсан бичлэгийн талаар үгүйсгэж “бид пирамид дээр авирч садар самуун зүйл хийгээгүй” гэжээ.
Тэрээр найз эмэгтэйн хамт 11 дүгээр сарын сүүлээр Гизагийн өв соёлын дурсгалт газарт аялснаа хэлсэн байна. Тухайн үед хаа сайгүй хамгаалагчид байсан учраас олон цагийн бичлэг хийх боломж байгаагүй гэжээ. “Олон хүнийг уурлуулсандаа харамсаж байна. Гэхдээ Египетийн иргэд түүхэн дурсгалт газрын үнэ цэнийг эргэн сануулсанд талархаж эергээр хүлээж авсан” хэмээн Андреас ярьжээ. Түүний хөтлөн явуулдаг цахим хуудсанд дэлхийн ховор содон газруудад аялж авахуулсан нүцгэн зургууд нилээн хэд нийтэлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com