Манай эриний өмнөх 2,000 оны тэртээ нүүдэлчин малчид чөлөөт цагаараа ам бүлээрээ цуглан тоглож нааддаг байсныг гэрчлэх хөлөгт тоглоом олжээ. Азербайжан улсын Гобустан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эртний иргэдийн амьдарч байсан чулуун оромжны шаланд нүх гаргасан байсныг олон жилийн өмнө судалж мэдсэн ч үүнийг тоглоом гэж тааварлаагүй байна.
Харин Америкийн Байгалийн түүхийн музейн археологич Уолтер Крист эдгээр нууцлаг дөрвөлжин нүхнүүд хөлөгт тоглоомын эртний төрөл байсан гэж тайлбарлажээ. 58 нүд бүхий хөлөгт тоглоомыг Египет, Анатолиа, Месопотамын оршин суугчид тоглодог байсан гэж үзжээ.
Археологич Кристийн ярьснаар “3,800 жилийн өмнө амьдарч байсан Египетийн Аменемат дөрөвдүгээр фараогийн бунхнаас эрдэмтэн Ховард Картерын олсон хөлөгт тоглоом хамгийн их олонд түгсэн хувилбар байж магадгүй юм”. Гэсэн хэдий ч одоог хүртэл эртний иргэд Азербайжан, Египетийн нутгаас олдоод буй эдгээр хөлөгт тоглоомыг хэрхэн тоглож, яаж тархсан нь нууцлаг хэвээр байна.
Нөгөө талаар тоглоом гэдэг зөвхөн зугаацах хөгжилдөхийн нэр биш юм. Тоглоом бол харилцаа холбоо тогтоох чухал арга хэрэгсэл болдог. “Үнэн хэрэгтээ хавтгай талбайд чулуу нүүлгэж тоглох өдөр тутмын амьдралд бодит ач холбогдолгүй. Харин үүгээр дамжуулж хүмүүс хоорондоо харилцах дуртай” гэж археологич Уолтер Крист үргэлжлүүлэн ярьжээ.
Эх сурвалж: www.qz.com