Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий дээр нэг бүр нь хамгийн багадаа л 25 сая ам.долларын үнэ бүхий 6,6 тэрбум ам.долларын тансаг харшууд зарагджээ. Эдгээр харшуудын 1/3 нь Хонконгийн зах зээлд худалдагдсан байна.
“Knight Frank” дэлхийн үл хөдлөх хөрөнгийн фирмийн танилцуулсан судалгаагаар Хятадын тусгай бүс Хонконгт хамгийн өндөр үнэ өртөг бүхий орд харшууд хамгийн их зарагджээ. 2018 оны наймдугаар сарын байдлаар нийт 2,5 тэрбум ам.долларын тансаг зэрэглэлийн 47 орон сууц худалдаалагдсан байна.
Харин Нью-Йорк хотод 1,5 тэрбум ам.долларын 39 тансаг зэрэглэлийн орон сууц, Лондонд 38 орон сууц зарагдаж удаах байруудад жагссаныг “Knight Frank” мэдээлэв. Өнгөрсөн нэг жилийн дотор Сингапур, Лос Анжелест тус бүр 12, Сиднейд таван харш зарагджээ.
Хонконгийн зах зээлд тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ харьцангуй өндөр. Тухайлбал Сингапур, Сиднейд 44 сая ам.долларын үнэтэй харш Хонконгт 53 сая ам.доллар байдаг.
“Wealth X” судалгааны фирм дэлхийд, нэн ялангуяа Азид хэт чинээлэг хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгааг танилцуулсан байна. Хэт баян хүмүүсийн тоонд хувьдаа 30 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгөтэй эрхмүүдийг хамруулжээ. 2017 онд дэлхий даяар хэт баян хүмүүс 13 хувиар нэмэгдсэн бол энэ тоо Азид хамгийн хурдан өссөн байна.
Эх сурвалж: www.qz.com