Хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдэл гарах болсон. Тэгвэл ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд хуурамч шатахуун борлуулдаг, Сингапурт төвтэй “Ганвор Сингапур” гэх компанийг шалгаж эхэлжээ.
Жилд дунджаар 120 000 тн керосин оруулж ирдэг бөгөөд 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татварын болон хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч байна гэсэн үг
Монголд нефтийн бүтээгдэхүүн импортлох эрхгүй тус компанийн монгол талын захирал А.Дамдиндорж, эхнэрийнхээ ахын нэр дээр байгуулсан “Петрохаан” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр 32 000 тн дезиль түлш, 9 000 тн керосин оруулан ирж, төмөр замын Дархан, Чойр, Рашаант, Толгойт өртөөний ойролцоох түлшний агуулахад тэдгээр нефтийн бүтээгдэхүүнүүдийг холин, стандартад нийцэхгүй, хуурамч түлшийг ШТС-уудаар дамжуулан борлуулж байжээ. Түүгээр зогсохгүй “Петрохаан” ХХК-ийнхан дээрх 9 000 тн керосиныхоо улсад төлөх ёстой 2.3 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүйг тогтоосон байна.
Өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хойд хөршөөс нэг тн дезиль түлшийг 650 ам.доллароор авчирдаг. Хуурамч шатахууны гол түүхий эд болох керосин тн нь 520 ам.доллар. Зөрүү нь 130 ногооныг төгрөгт шилжүүлбэл 332 000 болж байгаа юм. Жилд дунджаар 120 000 тн керосин оруулж ирдэг бөгөөд 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татварын болон хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч байна гэсэн үг.
Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашиглаж буй юм. Иймд керосин болон бусад түүхийн эдийг онцгой албан татвартай болгосноор хуурамч шатахуун үйлдвэрлэх явдал багасах ажээ.