Дэлхий дээр агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа улс орнуудын нэг бол Энэтхэг. Өнгөрсөн жил улс орон даяар явуулсан судалгаагаар тус улсад агаарын бохирдлоос болж 1,2 сая иргэн амиа алдсан тухай мэдээлжээ.
2017 онд нас барсан хүмүүсийн 12,5 хувь буюу 1/8 нь зүрхний шигдээс, уушгины хавдар, чихрийн шижин зэрэг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр амиа алдсан байна. Эдгээр хүмүүсийн 51 хувь нь 70-аас доош насныхан байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй Энэтхэг улсын тэрбум гаруй хүн амын ¾ нь агаарын бохирдолд нэрвэгдэж байна. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндэд хоргүй гэж тогтоосон агаарын бохирдлын хэмжээнээс дөрөв дахин хортой агаараар хүн амын ихэнх нь амьсгалж байна гэсэн үг юм.
“Вашингтон Пост” сонинд нийтэлснээр агаарын бохирдлоос болж Энэтхэгийн хүн амын насжилт 5,3 жилээр буурсан байна. Нэн ялангуяа нийслэл Шинэ Дели хотын зүүн дүүргүүд болох Хапур, Буландшарт оршин суугчдын насжилт 12 жилээр багасчээ. Энэ бол агаарын бохирдлоос болж иргэдийн насжилт хамгийн их багассан аймшигт жишээ юм.
Энэтхэг улсаас гадна Ази, Африкийн бусад орнуудад агаарын бохирдол дээд түвшинд хүрснийг дээрх судалгааг хийсэн мэргэжилтнүүд анхааруулж байна. Агаарын бохирдлоос болж хөх, уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн тухай Quartz өгүүлжээ.
Эх сурвалж: www.qz.com