Латвийн нийслэл Рига хотод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тулаан өндөрлөв. Даамын "хатан хаан"-ы титмийн төлөө дэлхийн 16 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева, 2016 оны дэлхийн аварга, Польшийн их мастер Наталия Садовска нар өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөө халз тоглож буй Зоя Голубева (Латви) - Наталия Садоска (Польш) нарын халз тоглолтын долоо дахь өрөгт Польшийн их мастер ялалт байгуулснаар дуэльд 48:36 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Тэрбээр үлдэж буй хоёр тавилын үндсэн өрөгт л өрсөлдөгчдөө хожигдохгүй тохиолдолд дэлхийн аваргын титмийг хоёр дахиа хүртэх боломжтой болсон юм.
1986 онд даамын оргилд нь гарчихсан, туршлагатай Зоя Голубева (Латви) ээлжит ялалтаа байгуулах уу, эсвэл шинэ үеийн төлөөлөгч Наталия Садовска (Польш) ялах уу? Шинэ, хуучны аль нь илүү вэ? гэх асуултууд даам сонирхогчдын анхаарлыг татаж байв. Хэдий эхний өрөгт дийлдсэн ч Н.Садовска зөв тактик сонгон тоглож дөрөв, долоо дахь тавилдаа ялалт байгуулсан. Ялах ялахдаа үндсэн өрөгт хожиж, дуэлийн харьцааг 48:36-аар орвонгоор нь эргүүлчихэв.
Сүүлийн хоёр тавилд үндсэн өрөгтөө хожигдохгүй байхад л Наталия ялагч болох нөхцөл байдал үүссэн. Халз тоглолтын хоёрдугаар хагасаас хойш “сууж” эхэлсэн Голубевад ялах найдвар бараг үлдсэнгүй. Энэ нь ч сүүлийн хэдэн өрөгт, ялангуяа түргэн тоглолт дээр илт анзаарагджээ. Найм дахь тавил дээр 8:4-ээр Зоя илүүрхсэн ч сүүлийн өрөгтөө өөрт зайлшгүй шаардлагатай 12:0 хожил авч чадаагүй. Ийн даамын тоглолтын бүх хэлбэр (стандарт, рапид, блиц)-ийг агуулсан сонирхолтой халз тулаан 58:50 харьцаатай Польшийн даамчин бүсгүйн ялалтаар өндөрлөлөө.