Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлөн “ТАСО” ХХК-иас өнөөдөр явган замын ажлын талаар мэдээлэл өглөө.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа нь Улаанбаатар хотын инженерийн байгууламжийг ассамбле болгож жигдрүүлэх, насжилтыг уртасгах, халтиргаанаас сэргийлэх гээд олон талын ач холбогдолтой. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 13 монгол компани явган замын ажлыг дунджаар 35 хувийн гүйцэтгэлтэй хийж байна .
Үүний нэг “ТАСО” ХХК өөрийн боржин чулууны ордтой бөгөөд чулуугаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Би өчигдөр үйлдвэр, ажлуудтай нь танилцсан. Хотын дарга Х.Нямбаатар ажлаа авсан 2023 оны аравдугаар сардаа л шууд Монголын чулуу үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны 14 компанитай уулзаж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг чулуугаар, тэр дундаа монголд үйлдвэрлэсэн чулуугаар хийх ёстойг анх ярилцаж байсан. Бид бодлогын түвшинд үндэсний чулуу үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн ажлуудаа хийж ирсэн. Явган замын ажлыг гүйцэтгэж байгаа дээр дурдсан 13 компани явган замын ажлын материалаа өөрсдөө сонгож байгаа боловч бид үндэсний үйлдвэрлэгчдийн чулуугаар ажлаа гүйцэтгэхийг чиглэл болгож ирсэн. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээс 31 мянган ам.метр чулуу худалдан авсан урьдчилсан тоон мэдээлэл байна.
Мөн сольсон явган замын хавтангуудаа дахин ашиглах зориулалтаар дүүргүүдэд хүлээлгэн өгч байгаа. Үр ашиггүй нэг ч эвдрээгүй хавтан хаяаагүй.
Үндэсний чулуу үйлдвэрлэгч бөгөөд Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл “ТАСО” ХХК-ийн ерөнхий захирал Т.Отгонбаяр:
-Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлөн хэвлэлийн хуралд оролцож байна. Би сошиалд явж байсан шиг хятад чулуу оруулж ирээгүй. 2023 оны аравдугаар сард Чех, Солонгос улсад судалсан судалгаа, чулуун зам яагаад урт настай, улс орны эдийн засагт хэрэгтэй, стратегийн бүтээгдэхүүн болох талаар Хотын дарга Х.Нямбаатарт танилцуулж байсан. Хотын дарга дотоодод чулуу үйлдвэрлэхийг дэмжсэн. Батлан даалтын сангаас зээл санал болгосон. Зарим компанийн зээл бүтэж, техник технологио шинэчилж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн.
Би 7 жил чулуутай амь амьдралаа холбож, үүнээс өмнө 15 жил үндэсний үйлдвэр “ТАСО” хэв хашмалын компаниа босгож чимээгүй хөдөлмөрлөж, үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, өндөр татвар тушаагч болж ирсэн. Үйлдвэрлэгч хүний хувьд хөдөлмөрлөж, эх орондоо бүтээж явж байгаагаа харуулахыг хүссэн. Саппорогоос Баруун 4 зам хүртэлх явган замын ажилд технологийн бүрэн шинэчлэл хийж, ажлыг гүйцэтгэж байгаа, алдаатай зүйл нэг ч байхгүй. Би чулуутай амьдралаа холбохдоо энэ олон жил бүх зүйлээ золиослон байж үйлдвэрлэлээ бүтээсэн. Зүгээр нэг санамсаргүй болсон зүйл биш. Маш олон хүмүүс дотооддоо хийж, бүтээж байгаа манай компанийг дэмждэг. Өндөр чанартай, удаан настай бүтээн байгуулалтад чулууны үйлдвэрлэл чухал. Би олон туршлагыг судалж, ашиг олохоос илүү хийж бүтээе гэсэн сэтгэлтэй л явж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.