"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсийг нууц гэрээгээр шууд зарж, борлуулах хуулийн нөхцөл бүрдсэн гэх мэдээлэлд дараах тайлбарыг өгөв.
"Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог:
-“Эрдэнэс Тавантолгой ХК” нь Төрийн өмчит компанийн хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу 2023 оны хоёрдугаар сараас хойш зөвхөн биржээр нүүрсийг арилжаалдаг. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Чайна Энержи групптэй 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр нүүрс худалдаалах урт хугацаат гэрээг байгуулсан. Энд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3-т заасны дагуу нүүрсийг борлуулж байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар манай компани нийт 14 сая тн нүүрс экспортлоод байна. Үүнээс 2.6 сая тонныг биржээр, үлдсэнийг нь урт хугацаат гэрээгээр борлуулсан. Оны эхний зургаан сарын байдлаар нийт 85 удаа биржийн арилжаа зарласнаас 20 нь амжилттай болж, 1.3 сая тн нүүрс арилжаалсан. Үүний дүн нь 95.5 сая ам.доллар болсон. Харин долоодугаар сард нийт 19 арилжаа зарласнаас 16 нь амжилттай болж, 1.024.000 тн нүүрс арилжаалж 63.2 сая ам.долларын орлого олсон.
Манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч бол БНХАУ бөгөөд “Гашуунсухайт-Ганцмод” болон “Ханги Мандал” боомтоор экспортолдог. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний биржийн арилжаа илүү өссөн. Өөрөөр хэлбэл, нүүрсээ хүргэх хугацаан дээр илүү анхаарал тавьснаар худалдан авагчдын идэвхийг сэргээж байна. Ингэснээр долоо дугаар сард худалдан авалт илүү өссөн гэж дүгнэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.