Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Янгаахайн-Эх” гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.07.31/ бүрэн унтраажээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 11 ойн түймэр идэвхтэй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр, Хүдэр суманд хоёр түймэр цурамд орсон бөгөөд бүрэн унтраахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Түүнчлэн Хүдэр суманд гурван, Ерөө суманд хоёр, Мандал суманд хоёр нийт долоон түймрийг хяналтад аван цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагын 308 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 133 хүн, 15 автомашин, нийтдээ 441 хүн, 27 автомашин, 8 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Сэлэнгийн Мандал сумаас Ерөө сумын “Гурт уул” гэх газар гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэжээ.
Он гарсаар буюу 2025 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийт 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.