СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаа зарлаж, аравдугаар сард гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.

Метроны төслийн ач холбогдлын талаар Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлана. Хөдлөх бүрэлдэхүүний тухайд техникийн тогтоосон хурд 80 км/цаг, дундаж хурд 36 км/цаг төдийгүй дээд хурд 100 км/цаг байхаар тооцоолсон. Ингэснээр метроны шугам нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 36 минут явах буюу бүтэн рэйс явахад 72 минут шаардах юм. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.