Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийжээ.
Уулзалтын эхэнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал ач холбогдол өгч, онцгойлон чухалчилдагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр, манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлэв.
Түүнчлэн шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын талаар танилцууллаа. Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал зохион байгуулагдах бөгөөд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаарх зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж буй учраас уг санаачилгыг Японы парламент идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс, Япон Улс бол эдийн засаг, дипломат, аюулгүй байдлын салбарт нэгдмэл эрх ашгийг эрмэлздэг бөгөөд тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцлон тэмдэглэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.