Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангаас Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд дэвшүүлсэн мэндчилгээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж баяр наадмын нээлтэд оролцохдоо уншиж сонордуулав.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойд УИХ-ын даргын дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна.
Түүхт ойн баяраа тэмдэглэхээр төрөлх сайхан нутагтаа хуран цугласан Увс аймгийн уугуул, суугуул ард иргэд Та бүхэндээ хууль тогтоох байгууллага Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа түүхэн тэгш ойн төгөлдөр их баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нэгэн зууныг өндөрлүүлж, шинэ зуунаа угтаж буй энэхүү үйл явдлын эх үндэс, түүхэн учир холбогдлыг энэ өдөр сэргээн дурсаж, цаашид үндэсний ой санамждаа үргэлж хадгалж явах учиртай. Ой тэмдэглэхийн онцгой нэгэн учир утга энд оршино.
Монгол оронд ардын хувьсгал ялан мандаж, ард иргэд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсны дараа гадаадад тусгаар тогтнолоо бататгах, дотооддоо улс гэрээ төвхнүүлэх их үйл хэрэг өрнөсөн билээ. Үндсэн хуулийн дагуу нутгийн захиргааг шинэчлэх, ард иргэд удирдлагаа өөрсдөө сонгож байгуулах ардчилсан ёс тогтож эхэлсний нэгэн илрэл нь тэртээ 1925 оны 11 дүгээр сард Дөрвөд далай ханы нутгийн ард иргэд анхдугаар хурлаа хийж, аймгийн хурал, захиргаа удирдлагыг сонгон байгуулж, аймгийн нэрийг Чандмань уулын аймаг болгох, төвийг Улаангомд суурьшуулах түүхэн шийдвэр гаргасан нь өнөөдрийн энэ баярт үйл явдлын эхлэл болжээ. Тиймээс энэ баяр бол алс баруун хязгаар Увс нутагт ардын засаг, ардчилсан ёс жинхэнэ ёсоор анхлан үүсэж тогтсоны 100 жилийн ойн баяр болно.
Тэр цагаас эхэлсэн нэгэн зууны түүх бол Увс аймгийн хөгжил дэвшил, хүн ардын ахуй амьдрал өөдлөн дэвжсэн түүх байна. Баян тансаг, үзэсгэлэн төгөлдөр байгаль, эртний түүхийн өлгий болсон энэ сайхан газар оронд Увс аймаг хэмээх Монгол Улсын засаг захиргааны нэгэн томоохон нэгж бий болж, олон ястан, угсаатны эвтэй найртай өнөр бүл болсон Увсынхан гэсэн нийгмийн шинэ нийтлэг бүрэлдэн төлөвшиж, хөгжин дэвжиж буй нь нэгэн зууны нийгмийн их өөрчлөлтийн гол үр дүн юм.
Аймаг, улс орны хөгжлийн гол хэмжүүр нь хүний хөгжил буюу иргэний төлөвшил хэмээн үзвэл эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хөдөлмөрч, бүтээлч соёлт шинэ иргэн болох шинэ монгол хүн бий болсон нь өнгөрсөн зууны хамгийн гол ололт мөн. Үүний нэгэн нотолгоо нь Увсын ард иргэд Та бүхэн билээ. Увс нуураараа овоглогдсон Увсчууд улс Монголынхоо хөгжил дэвшлийн бүх цаг үеийн бүтээн байгуулалт, нийгмийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцон хувь нэмрээ оруулж, эх орны бүхий л салбарт амжилт гарган алдар нэрээ мандуулж, манлайлж ирсэн бахархалт түүх бүтээжээ.
Түүх бол үе үеийнхний хамтын бүтээл мөн боловч түүхэнд нэр нь мөнхөрсөн хүмүүсийнхээ гавьяа алдрыг бид мартах учиргүй. Улсын удирдагч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эх оронч эрэлхэг дайчин баатрууд, салбар салбарын хөдөлмөрийн баатар алдартнууд, оюун сэтгэлгээ, шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, профессор, академичид, урлаг, спортын тив, дэлхий, олимпын аварга гээд нутгийнхаа нэрийг улсдаа, улсынхаа нэрийг тив, дэлхийд алдаршуулсан олон зуун алдар гавьяаны эзэд нэгэн зуунд Увс аймгаас төрсөн нь үнэхээр бахархалтай.
Тэднийг төлөөлүүлж нэгэн эрхэм хүмүүний нэр алдрыг онцлон дурдаж, хүндэтгэл илэрхийлье. Энэ эрхэм бол монголын ард түмний сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн насны амьдралаа зориулж, 44 жил улс орноо удирдсан, цуцашгүй хөдөлмөрч, тууштай эх оронч, олон улсын энх тайвны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсан билээ. Тэрээр 1925 онд Чандмань уул аймгийн бага сургуульд дайчлагдан ирж, эрдмийн мөрд орсны 100 жилийн ой өнөө жил тохиож буй. Увс аймгийн төдийгүй улс Монголын бахархал болсон түүний алдар нэр зуун зуунд дурсагдах болно.
Түүнчлэн нутаг усныхаа нэрийг улс Монголдоо дархалсан алдартнууд болох Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин, Сүхбаатарын одонт, Ардын Их Хурлын 2 удаагийн депутат, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх нийгмийн анхдагч дуу хоолой болж байсан, Увс нутгийн алдартан бүсгүйчүүдийн төлөөлөл, ард түмний бахархалт дуучин Гомбын Түмэндэмбэрэл, мөн самбо, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт, спортын гавьяат мастер, хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнх гуай нарын алдарыг дуудах нь бахархал юм.
Тиймээс аймаг байгуулагдсаны 100 жилийн ой бол Увсчуудын амжилт ололтоороо бахархах, алдар гавьяаны эзэд, ахмад үеийнхэндээ хүндэтгэл илэрхийлэх, ирээдүй хойч үеэ эрмэлзэл тэмүүллээр хөглөн бадраах утга төгөлдөр их баяр мөн.
Увс аймгийн эрхэм хүндэт иргэд ээ,
Боломж, сорилтоор дүүрэн дараагийн зуун Та бүхнийг угтан ирж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлтийн бодлого, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд ойрын жилүүдэд хийгдэх төсөл, хөтөлбөрийн бүтээн байгуулалт нь шинэ зууны хөгжлийн гараа, хөрс суурийг бүрдүүлнэ. Улмаар Увс нутгийнхан нутаг усандаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх нь орон нутгийн эдийн засгийн өсөлт, тэлэлтийг дэмжиж, орон нутгаа хөгжүүлэх эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх ирээдүйд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.
Увс аймгийн ард иргэд Та бүхэн Ханхөхий, Чандмань хайрхан, Хархираа, Түргэний их уулсаа уртын дуу, уухайн түрлэгээр цуурайтуулан баясгаж, Увс, Хяргас, Ачит, Үүрэг, Айраг их уст нуураа хүчит бөхчүүдийнхээ дэвэлтээр долгиолуулан, давлагаалуулж, хангай, говь, хээр талаа хурдан хүлгүүдийнхээ тоосоор мялааж, түүхт ойн их баяраараа дэлгэр сайхан наадахын ерөөл өргөе.
Увс аймаг улам цэцэглэн хөгжих болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}