Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд дэмжих зорилготой. Тус төвийн 2368.8 метр квадрат бүхий 200 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн давхар шинэ барилга нь “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв” нэртэйгээр БЗД-ийн 20 дугаар хороо, Майхантын аманд баригдаж буй бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох юм.
Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Л.Хосбаяр “Нийгмийн хамгааллын тусгай төвийн шинэ барилгын гэрээ 2021 оны арванхоёрдугаар сард хийгдэж шав тавьсан хэдий ч 2023 оны аравдугаар сар хүртэл зогсонги байдалд орсон байсан. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хүмүүсийн орон гэрийн асуудлыг шийдэх, нийгэмшүүлэхэд тус барилга нэн шаардлагатай байсан учраас тухайн үед төсөв, санхүүг шийдэж 2024 оны долоодугаар сард ашиглалтад оруулах дахин гэрээ хийсэн боловч тус барилга одоогоор ашиглалтад ороогүй байна. Тиймд төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн хоцрогдолтой байгаа энэхүү төслийн явцыг хянахаар ажиллаж байна” гэлээ.
“Тэмээн” ХХК-ийн захирал С.Ганболд “Төслийн хувьд цар тахал, үер усны аюул, материалын зөрүү зэрэг асуудлаас үүдэн удаашралтай байсан. Харин өнөөөдрийн байдлаар барилга угсралтын ажил асуудалгүй үргэлжилж байгаа бөгөөд дотоод хана заслын ажил 90 хувьтай буюу ерөнхийдөө дууссан. Гэрэлтүүлэг, хаалга, паркетан шал зэрэг нэмэлт ажлууд үлдсэн учраас хүйтний улирлаас өмнө есдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой” гэв.
Нийслэлийн Засаг даргын чиг үүргийн хамгийн чухалд орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, донтох эмгэгтэй хүнийг эмчилж, хөдөлмөрийн чадамжтай болгох зэрэг нь тооцогддог. Тиймд эдгээр иргэдийг насан туршид нь тус байранд амьдруулах бус дээд тал нь 2-3 жилийн дотор нийгэмд гаргах зорилготойгоор ашиглалтад оруулж байна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.