Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг өнгөрсөн 4 дүгээр сард нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Тэгвэл уг 1222 ам метр талбай бүхий объектыг ирэх сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ 1,920,014,738.00 төгрөг бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах юм.
Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.