Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн санаачилгаар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийлээ. Уг нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн нэгдүгээр сард хийгээд гэм буруутөй, эсэхийг дэнслэхээр шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт шүүхэд шилжүүлсэн байтал дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ үеэр илэрхийлж байв.
Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ хурлыг удирдан явуулаад урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаав.
Эл хэргийг тус шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон бол З.Энхболдыг цагаатгасан билээ. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эл хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ЗТХЯ-ны албан тушаалтан Д.Доржханд зэрэг гэрчийн шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, алийг нь үндэслэж хэргийг шийдвэрлэснээ тодорхой тусгаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон аж.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан билээ. НПГ-аас ийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын дараа Б.Энх-Амгаланг цагдан хорьсон бөгөөд түүнээс хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсаар байв. Энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд өдгөө УНТЭ-т хүргүүлэн эмчлүүлж буй аж.
Түүний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт өчигдөр шүүхэд гаргасныг хүлээн авч, хэргийг прокурорт очтол түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. З.Энхболдод ийм таслан сэргийлэх арга хэмжээ үйлчилсээр буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.