СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-09

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эрхэм гишүүдийг иргэд, сонгогчдод баталсан хуулиудаа танилцуулах үүрэг өгөв

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 цагийн өмнө

Анхны 126 гишүүнтэй парламент анхны хаврын чуулганаа хийж, өнөөдөр өндөрлөлөө. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг олны анхаарал татаж байна.

Тэрбээр эрх зүйн Гурван төгөлдөршлийн бодлогоо эхлүүлэх суурь хуулиа шинэчлэн батлуулсан явдлыг онцоллоо. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүх хууль хүний эрхийн шалгуур шүүлтүүрээр орж эхэлжээ. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болгож байсан журмуудыг цэгцэлж, эхний ээлжинд тулгамдаж байсан асуудал буюу хийдэл, давхардал, зөрчлийг бий болгосоор байгаа 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх УИХ-ын тогтоолыг баталсан гэв.

Д.Амарбаясгалан дарга хүнд ойрхон, хүн төвт эрх зүйн орчныг бий болгоно гэдгээ дахин онцолсноос гадна ирэх намрын ээлжит чуулган эхлэх хугацааг хагас сараар наашлуулж, улсын төсвийн хэлэлцүүлгийн үе шатыг нэгээр нэмээд зогсохгүй, бүр УИХ-ын гишүүдийг чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдоос санал авч, сонсож, хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн эрхэм гишүүд ардчилсан парламентын үнэт зүйлс болох хүртээмжтэй, оролцоог хангасан, хариуцан тайлагнах үүргийнхээ дагуу баталсан хууль тогтоомжуудаа иргэд, олон нийтэд таниулах ажлаа идэвхжүүлэх ёстойг сануулсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 70 гаруй Ажлын хэсэг хаврын чуулганы хугацаанд 178 удаа хуралдаж, олон нийт, мэргэжилтнүүдийн дунд 46 хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулжээ. Шинжлэх ухаанч, судалгаа, дүн шинжилгээтэй, үр дүнтэй ажилласан гэсэн үнэлгээг УИХ-ын дарга онцлоод авав. Үлдсэн гурван жилдээ үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй гээд Д.Амарбаясгалан дарга "Шинээр бүрдсэн парламентад гишүүд эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаар онцгойрон ялгарч, хэлэлцэж буй мэргэжлийн нарийн, ээдрээ төвөгтэй асуудалд жинхэнэ мэргэжлийн байр сууринаас хандах арга барил, уур амьсгал чухал байлаа." гэсэн юм. Шинэ парламент нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталжээ. Эдгээрээс 66 хууль, 59 тогтоолыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.