СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-09

🔴 Ц.Пүрэвтүвшин: Гунигтай байна, бүх хариулт байхгүй, юу ч алга...

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
13 цагийн өмнө

"Монголын эдийн засгийн форум-2025" өчигдөр Төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Эдийн засгийн форумаар сарын өмнө байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газар цаашид ямар бодлого баримтлан ажиллахаа зарлаж буй. Тус форумд оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин: Алт олборлохыг хөрөнгө оруулагчид сонирхож байна. Гэтэл олборлох нөөц байхгүй. Шороон ордууд дууссан, үндсэн ордын нөөц дуусах тал руугаа орсон. Эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ орд байхгүй. Тусгай хамгаалалтаас газар нутгийг гаргасан ч гэсэн эдийн засгийн эргэлтэд орох гэж 6 сараас нэг жил болно. Нэмээд ойролцоогоор 200-300 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хувийн хэвшил энэ хөрөнгөө гаргаад хийе гэхэд Засгийн газар нь шийдвэр гаргаж чадахгүй, дүлэгнэсэн байдалтай. Ийм популизмаасаа салах хэрэгтэй байна. Ингэхгүйгээр олон сайхан форум хийгээд, гадны төлөөлөгчдийг уриад байх хэрэг байна уу.

Гунигтай байна. Төрд шийдвэр гаргах хүн байхгүй. Яамны сайдаасаа эхлээд мэргэжилтэн нь олон нийтийн сошиал медиагаас айдаг. Дүлэгнээд шийдвэр гаргахгүй дундаа асуудлыг хаячихдаг. Эцсийн дүндээ хувийн хэвшил хохирдог, эдийн засаг нь сэргэхгүй болохоор ард иргэд хохирч байна.

Манай улсад бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг би хувьдаа гурван төрөл гэж ойлгодог. Нэгдүгээрт, цэвэр хувийн хэвшил буюу бие даагаад хувийн хэвшил хоорондоо хамтран ажиллаж буй нэг хэсэг. Манай компани шиг эсэргүүцэлтэй тулгарсан ч ажил хийх гээд үзээд байдаг хэсэг. Хоёрдугаарт, хувийн хэвшил болон төрийн холимог хэлбэр. Хувьцаа эзэмшигч нь төрийн өндөр албан тушаалтан. Энэ хэсгийн ажил сайхан явдаг. Тендер аваад хэдэн их наяд төгрөгөөр ажил хийдэг. Гуравдугаарт, төрийн аж ахуйн нэгжүүд буюу том данхайсан компаниуд. Эрдэнэс тавантолгой, Эрдэнэс Монгол гээд өрсөлдөхийн аргагүй том компаниуд болж хөгжсөн. Төр өөрөө тээвэр хийж байна, уурхай ухаж байна, хөрөнгө оруулалт татаж байна. Энэ бүгдтэй яаж хувийн хэвшил өрсөлдөх юм бэ?

Төрийн оролцоог багасгаж хувийн хэвшлийг нэмэхгүйгээр улс хөгждөггүй. Данхар бүтэцтэй, нэгнийгээ хална тална, бөгс бөөрийг нь ухна гээд яриад яриад бодит ажил хэрэг болохгүй байна. 

Эдийн засгийн форумд оролцож байна. Хөрөнгө оруулагчид, танай нөгөө 49 хувийн асуудал шийдэгдээгүй юм уу?, "Алт" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байна, үндсэн орд байгаа юм уу? газрын ховор элемент олборлох гээд байгаа ганц төсөл чинь явж байгаа юу?. Бүх хариулт байхгүй, юу ч алга. 

Төр өөрийн хөрөнгөөр ажил хийж буйгаа бүтээн байгуулалт гэж яриад байгаа нь миний бодлоор буруу. Ард түмэн ч хүсэхгүй байгаа байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.