Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс маань үнс болчихлоо. Бид энэ жил 60 сая тонн нүүрс гаргах боломжгүй боллоо. Энэ бол цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй гэсэн үг. Инфляцид өртөж, бидний гар дээрх мөнгөний тодорхой хувь нь цаас болно гэсэн үг.
Улс эх орны хувьд 14 мега төсөл хэрэгжүүлэх мөрөөдлийн хөтөлбөр болсон гэсэн үг. Өмнө нь хулхидаад хөөгөөд гаргачихсан учир мянга уран донгодоод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Иймд дотоодын хөрөнгө оруулагчдадаа найдахаас өөр аргагүй болоод байгаа юм.
Өмнөх бодлогыг үргэлжлүүлж, шинээр байгуулагдсан Засгийн газар "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн зоримог дуугарлаа. Дүр эсгэсэн эх орончид "Ард түмнийг бослого тэмцэлд уриалан дуудна" гэж мэдэгдэхэд, салбарын сайд Г.Дамдинням "Монгол орны ирээдүйг хорлогчдын өмнө Монгол төрийн нуруу бөхийдөг цаг дууссан!" хэмээн шийдэмгий дуугарна лээ.
Гэвчиг, эс үйлдлээрээ ам, ажил нь зөрчихлөө. Сайд нар наанаа сайхныг яривч цаашаа хараад суучихлаа. Дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг ажил хийсэн дүр эсгэлээ.
Шуудхан хэлэхэд энэ жил "Алт-3" хөтөлбөр хэрэгжүүлж улсын төсвийн цоорхойг нөхөх үлгэр боллоо. Учрыг ухуулбаас...
УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана. "Алт-3" хөтөлбөртэй холбоотой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал буюу тусгай хамгаалалттай газарт нутагт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьж чадахгүй байсаар чуулган дуусах янзтай болчихлоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсаар энэ удаагийн чуулган амрах гэж байна. Уг нь энэ асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Засгийн газар руу оруулах байх гэтэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уг асуудлыг хариуцсан хэдий ч УИХ байтугай Засгийн газар руу оруулахаас татгалзаж хойш суучихлаа.
Алтны үндсэн ордын лиценз эзэмшигч компаниуд өнгөрсөн долоо хоногт тогтоол нь батлагдсан бол энэ долоо хоногийн УИХ-ын чуулганд тусгай хамгаалалттай газартай холбоотой тогтоол өргөн барих байх гэсэн хүлээлттэй байв. Хүлээлт талаар болов.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, асуудал энэ чуулганы хугацаанд амжихыг болив. Намрын чуулган аравдугаар сард эхэлнэ. Тэгэхээр "Алт-3" хөтөлбөр энэ жил хэрэгжих нь зангууны үлгэр боллоо. Улс төсвийн алдагдлаа нөхөх боломжгүй боллоо. Алтны салбарт бодит олборлолтыг өсгөх, нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжгүй боллоо.
Уг нь үүлэн чөлөөний нар лугаа адил тохиож байгаа алтны үнэ өндөр байгаа цагийг ашигласансан бол... улс ч мөнгөтэй, иргэд ч хангалуун амьдрах байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.