СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-04

🔴LIVE: Ерөнхий сайд “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий компанит ажил эхлүүлж, манлайлан оролцохоо илэрхийлжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагатай холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав. 

Эдгээр байгууллага хамтарч Монгол Улсын Засгийн газарт олон улсын гэрээ, конвенц болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байгааг Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа тэмдэглээд зөвхөн цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394  хүн гэмтсэн.2025 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан. Хүчирхийллийн 10 тохиолдол тутмын ес нь нуугдмал байдаг гэлээ. 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн бодлого алдагдсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад холбогдох хуулиар хохирогчийг шуурхай, үр дүнтэй хамгаалах тогтолцоо, механизм, үйлчилгээ хуульчлагдсан ч хоорондоо уялдаагүй, салангид хэрэгжиж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирч байна. Нөхцөл байдлыг холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа мэдээлж, асуудлыг шийдвэрлэх саналаа боловсруулан салбар хариуцсан яамдын төлөөлөлд танилцуулдаг ч өнөөг хүртэл бодитой, үр дүнтэй ямар ч ажил хийгдсэнгүй. Иймд Монгол Улсын Засгийн газарт олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг, амлалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг сануулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна гэдгээ тэд илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарч буйд эмзэглэж байгаагаа илэрхийлээд Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг сануулсан. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Мөн ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болсон гэдгийг хэллээ.

Өнөөдрийн энэ уулзалт, иргэний нийгмийн тавьсан шаардлагыг өнөөдөр хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулан хэлэлцүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Тус уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар нэн даруй болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.