СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Долоон настай хүү мухар олгойн мэс засалд ороод нас барсан хэрэгт хоёр эмчийг буруутай гэж үзлээ

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
18 цагийн өмнө

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нар болох У.Ариун-Эрдэнэ, Б.Цэцэгмаа, С.Болорцэцэг, О.Оюун, Э.Цэрэнтогтох, Д.Өлзийбаяр, Ш.Амартүвшин нарт холбогдох хэргийг нэр бүхий шүүгдэгчдийн өмгөөлөгч нар болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх хэлэлцэх, эсэхийг хянан шийдвэрлэлээ. Дээрх хүмүүс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан хэрэгт холбогдсон аж.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны зургаадугаар сарын 28-29-нд шилжих шөнө мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн долоон настай хүү эмийн бодисын хэт мэдрэгшлийн цочрол гэсэн оноштойгоор хагалгааны явцад амиа алдсан байна. Тус эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа, тасгийн эрхлэгч С.Болорцэцэг нарыг тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй гэж буруутгажээ. Мөн ээлжийн эмч О.Оюуныг эмнэлгийн тусламж, үйлчилгээг удирдан зохион байгуулах, ахлан ажиллах үүргээ биелүүлээгүй, мэдээгүйжүүлэгч эмч Д.Өлзийбаяр нь хуваарийн дагуу ажиллах ёстой атал үүргээ биелүүлээгүй, сувилагч Ш.Амартүвшинг мэс заслын багт хуваарийн дагуу орох ёстой байсан эмнэлгийн мэргэжилтнийг дуудалгүй, дур мэдэн жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаанд орох эрхгүй эмчийг дуудсан, яаралтай тусламжийн эмч Э.Цэрэнтогтохыг мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа хагалгаанд орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 18-нд уг хэргийг хэлэлцээд Б.Цэцэгмаа, С.Болорцэцэг, О.Оюун, Ш.Амартүвшин нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан байна. Харин эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ, мэдээгүйжүүлэгч эмч Д.Өлзийбаяр, яаралтай тусламжийн эмч Э.Цэрэнтогтох нарыг Эрүүгийн хуулийн 15.1-3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэм буруутайд тооцжээ. Улмаар У.Ариун-Эрдэнийн эмчлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, долоон сая, Э.Цэрэнтогтох, Д.Өлзийбаяр нарын эмчлэх эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, оршуулгын зардал болох 10.1 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулахаар шийдвэрлэсэн аж.

Харин тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад цагаатгагдсан эмч, сувилагч нар дээр нэмж Д.Өлзийбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, нөгөө хоёр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон юм.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ, яаралтай тусламжийн эмч Э.Цэрэнтогтох нарт оноосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бадамжүний Мөнхжаргал
18 цагийн өмнө
116.206.83.106

2021 оны хэрэг одоо л шийдэгдэж байгаа юмуу ингэж их удах шалтгаан юу байв цалхаан цээрлүүлэлт юмуу хаашаа юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.