Малчдын үйлдвэрлэлийг дэмжих, хотондоо анхан шатны боловсруулалтаа хийж, тогтмол орлоготой байх зорилгыг агуулсан Шинэ хоршоо хөдөлгөөнийг үр ашиггүй, төсвийн мөнгийг үнэгүйдүүлсэн гэх мэтээр сүүлийн үед шүүмжилсээр байна.
Гэтэл хөдөө орон нутагт байдал өөр байна. Тухайлбал, энэ оны 4-р сараас эхлэн малчид зээлээ төлж эхлэн, одоогоор 20 гаруй тэрбум төгрөгийг буцаан төлжээ. Малчдад олгосон уг зээл нь төсвийн хөрөнгө биш бөгөөд арилжааны банкны өөрийн санхүүжилтээр олгож байгаа юм.
2024 оноос хойшхи хугацаанд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 329 сумын 6885 хоршооны 23,581 малчин, хоршоологчдод олгожээ. Үүнээс Зээлийн батлан даалтын сан 400 тэрбум төгрөгийн зээлийн багцаас 300 тэрбум төгрөгийн зээлийг батлан даасан байна.
Өөрөөр хэлбэл өмнө нь зах зээл дээр зөвхөн жилийн 24 хувийн хүүтэй “Малчны зээл” авч байсан малчдад хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлж, жилийн 6 хувийн хүүтэй, 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломж бий болгосон.
2025 оны 4-р сараас зээлдэгч малчид эргэн төлөлтөө эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 тэрбум гаруй төгрөгийн зээлийг буцаан төлөөд байна. Зээлийн эргэн төлөлт нь нийт 5 жилийн хугацаатай бөгөөд заасан хугацаанаас өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан малчид ч цөөнгүй.
Хөдөлгөөний хүрээнд зөвхөн зээл авах бус, үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бодит эдийн засгийн эерэг үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Арга билиг арвин сүрэг” хоршоо “Шинэ хоршоо хөдөлгөөн” болон “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн дэмжлэгээр үйлдвэрлэлээ өргөтгөж, 12 ажлын байр шинээр бий болгож, орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Мөн 2024 оны байдлаар хоршоологчдын борлуулалтын орлого нийтдээ 402 тэрбум төгрөгт хүрч, Монгол Улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Иймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан хөтөлбөр бус, малчдын хувийн хариуцлагад суурилсан, банкны зээлийн эх үүсвэртэй, санхүүгийн сахилга бат бүхий хөдөлгөөн болохыг бодит тоо баримт, үр дүн харуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.