Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар юуны түрүүнд гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа. Монгол Улсаас гадаадад буй дипломат байгууллагын тэргүүн нартай цахимаар уулзаж үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр 2009-2012 онуудад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан учир Монгол Улсын гадаад бодлого, стратегийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллахыг чухалчилж байна гэж таамаглаж болохоор байна.
Дотоодын эдийн засаг амаргүй байгаа. Монголчуудыг цалин хөлстэй байлгаж байсан экспортын ганц бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ уначихлаа. Иймд Ерөнхий сайдын зүгээс "бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр, төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр, тавилга, эд хогшил, урсгал засвар, багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр хэмнэх"-ээр болчихлоо.
Улаанбурхан өвчний дэгдэлт дахин дэгдлээ. Өнөө маргаашгүй үндэсний их баяр цэнгэл наадам боллоо. Баяр наадмаар улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. ХӨСҮТ-ийн мэдээлж буйгаар энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцоод байна. Цаашилбал, хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр гэж эрдэмтэд мэдээллээ.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. Учир нь 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд байсан ба тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ.
Энэхүү уулзалтаар нэг анхаарал татсан зүйл ярьсан нь "Вакцины талаар зориудаар худал мэдээлэл тараасан хүмүүсийг олж тогтоон, хариуцлага тооцох"-ыг Тагнуул болон цагдаагийн байгууллагын удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгосон явдал юм.
Нэр бүхий иргэд цахим орчинд вакцины талаар улайм цайм худал мэдээлэл түгээдэг болоод удаж байгаа. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцож, бусдад сургамж болгох бодит шаардлага нийгэмд үүсээд байгаа. Үүгээр зогсохгүй, ураны талаар худал мэдээлэл түгээдэг, тараадаг, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролддог болсон.
Газрын ховор элементийг олборлож дэлхийн томоохон тоглогч болох бүрэн боломж Монгол Улсад бий болчихлоо. Гэтэл үүнийг эсэргүүцдэг бүлэглэл, иргэд гарч ирсэн. Үүнтэй тэмцэхийг Ерөнхий сайд даалгамаар байна.
Ер нь гурав дахь орны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байна. Үүний эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг ч шалгах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт шинэ техник технологийг хөгжүүлхэд газрын ховор элемент, уран ямар ач холбогдолтой байгааг, яагаад газрын ховор элёмёнтрүү Америк тэргүүтээ орнууд шунан зүтгэх болов. Энэ бүхэн манай төрийн бодлого тусгалаа олж ажиллах ёстой. Бид түрүүлдэггүй юм гэхэд дэлхийн хүн төрлөхтөний хөгжлөөс хоцрох ёсгүй. Өнөөгийн цаг үе үүнийг шаардаж бна .