"Шинэ хоршооны төсвийг он дуустал ядаж 15 тэрбумыг суулгаж өгөх зарчмын зөрүүтэй санал байнгын хороогоор дэмжигдлээ. Чуулганаар яаж шийдэхийг харъя. Тойргийн гишүүд маань үүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэж УИХ-ын гишүүн М.Мандхай хэллээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүх орон нутгийн, ялангуяа малчид, хоршоологчдын амьжиргааг сайжруулах, ажилтай орлоготой байлгах, үйлдвэрлэл бүтээх, хамгийн гол нь түүхий эдийн боловсруулалтыг дэмжих шаардлагатай байгаа.
Өнөөдөр бид хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, хөрөнгө оруулалт хийхгүй бол малтай байгаад, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах ямар ч боломж алга. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжаад хоршоод маань нэгдээд малаа өсгөж үржүүлэх, түүхий эдээ боловсруулах гол хөтөлбөрөө төсвийн тодотголоор таначихсан. Зээлийн батлан даалтын сан дээр хөдөө аж ахуйн салбарт улсын хэмжээнд 45 тэрбум төгрөг байсан чинь 40 тэрбумыг нь хасчихсан байна. Улаан буудай, нарийн ногоо, сүү, арьс шир, цагаан алт гэх мэт бусад хөтөлбөрийг бага зэрэг танасан байгаа юм.
Үйлдвэрлэлийг дэмжих 160 тэрбум төгрөг бас байгаа. Төвийн бүс, Улаанбаатарт үйлдвэрлэгчид маань байдаг. Гэтэл улс даяар түүхий эдийн өртгийн сүлжээг босгох Шинэ хоршоо дээр огт мөнгө тавиагүй байна. Иймд 160 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг зээлийн батлан даалтын мөнгийг тавьж өгье гэдэг санал гараад дэмжигдлээ. Тойргийн гишүүд маань үүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.