УИХ-ын гишүүн М.Мандхай нарын гишүүд 2025 оны төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Үндэсний их баяр наадмын өмнө Засгийн газраас амлалтаасаа буцсан “бэлэг”-ийг ард түмэндээ барьж байна. Иргэдээ хүнсээ хангах, өртгийн сүлжээг нэмэгдүүлэх, гүн боловсруулалтын үйлчилгээгээ хөгжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлж байсныг та бүхэн санаж байгаа. Дэлхий нийтэд худалдааны дайнтай байгаа энэ үед бид дотоодоосоо баталгаат хүнсээр хангах, импортоос хэт хамааралтай байдлаа бууруулах, ханшны эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, орон нутгийн дэмжлэгийг үзүүлэх нь маш чухал байна. Төсвийн тодотголыг ч дэмжиж байгаа. Харамсалтай нь, төсвийн үргүй зардлыг бууруулах, бүсээ чангалах, үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлэх нь гэсэн нь үлгэр болж байна. Төсвөөс бууруулах, танах ёстой зардлуудаа хасаагүй байна. Харин улс орны амин асуудал болох, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал төслүүдээ хассан байна. Өөрөөр хэлбэл, хүнсний бодлого, малчид, орон нутгийн хөгжлөөсөө ухарлаа.
Хөдөө аж ахуйн салбар нь ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг. 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 76 хувь нь зургаахан салбарт төвлөрч байна. Үүнд хөдөө аж ахуйн салбар ороогүй байна. Хөрөнгө оруулалтыг хэмжээний хувьд бус чанар, үр ашиг, хэрэгцээ шаардлагын үндсэн дээр дахин хуваарилах бодлого чухал байна. Бууруулах төсвөө танасангүй. Тухайлбал, зам тээврийн салбарын 3.5 их наяд төгрөг нь шууд ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгоно гэж харагдахгүй байна. Харин энэ мөнгийг уул уурхайн бус аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд чиглүүлбэл эдийн засгийн үр нөлөө илүү бодитой, тогтортой байх боломжтой юм. Засгийн газар амин чухал салбараа орхиж байгаад харамсалтай байна. Бид засахын төлөө ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.