Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүний 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төслийн талаар хуралдаанд танилцууллаа. Оюутолгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бөгөөд дээрх хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж буйг онцлов.
“Жавхлант”, “Шивээ толгой” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний 11.3(ё)-д 7 жил тутам Санхүүжилтийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх заалтыг хэрэгжүүлж, 2025 онд багтаан хүүг бууруулах арга хэмжээг авахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах нэн чухал байгааг О.Батнайрамдал гишүүн танилцууллаа.
Үүний тулд Улсын Их Хурлаас “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах арга хэмжээ авах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр асуудлаар дагнасан хяналт, шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы ээлжит хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төслийг санаачлан боловсруулсан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуралдаан даргалагч Ч.Лодойсамбуу төслийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм.
Төсөлд хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ, хязгаарыг “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх хэмээн тогтоохоор тусгажээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Б.Жаргалан, Ө.Шижир нар ажиллахаар төсөлд тусгажээ.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.