Холимог тулаанч Г.Чинзориг авто засварын газарт бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүний уг үйлдлийг шүүхээс “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” хэмээн баривчлах шийдвэр гаргасан юм.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг:
-Иргэн Г.Ч олон нийтийн газар машин дээрээ гарч бие засаж байгаа, мөн бусдын биед халдаж ёс зүйгүй авирлаж буй бичлэг энэ сарын 26-ны өдөр цахим сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас тухайн өдөр нь хэргийг бүртгэлд авч, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байна.
Иргэн Г.Ч-г шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаанд баривчилсан. Өнөөдөр холбогдох үндэслэлд тулгуурлан цагдаа, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа хүргүүлсэн.
Зодуулсан хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тухайн этгээд тамирчин, цол зэрэгтэй байхаас хамаарч хууль чанга сул үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох зүйлчлэлийн дагуу ял шийтгэл оногдуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.