ЕврАзийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, ЕврАзийн эдийн засгийн IV чуулган Беларус улсын нийслэл Минск хотод /2025.06.26,27/ боллоо.
Манай улсаас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ЭЗХЯ, ГХЯ, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав нар ЕврАзийн эдийн засгийн комисс, гишүүдийн урилгаар өргөтгөсөн хуралдаан, чуулга уулзалтад оролцлоо.
ЕврАзийн эдийн засгийн холбоотой хэлэлцэн тохиролцох үйл явц 10 гаруй жилийн түүхтэй.
Яриа хэлэлцээр 2022 онд Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үеэс эрчимжин, Л.Гантөмөр залган авч идэвхжүүлэн, ийнхүү Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрээр дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэнэ.
Тухайлбал, дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна. Нэг литр нь 6-р сарын 23-ны байдлаар Улаанбаатарт 2940 төгрөгийн үнэтэй байгаа дизель түлшнээс 5 хувийн татвар хасагдахад 147 төгрөгөөр хямдарч, 2793 төгрөг болно. Зуун хувь импортын хамааралтай, тариа, ногоо хураалт, үнийн өсөлтөд жин нөлөө ихтэй түлш хямдрах боломж бүрдлээ.
ЕврАзийн холбооны улсуудаас тамхи гаалийн татваргүй орж ирэх эсэх нь анхаарал татсан асуудал байсан. Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод татваргүй орж ирэх бүтээгдэхүүний жагсаалтад байсан тамхины биет хэмжээг нэмэхгүй байх, гаалийн татварыг Онцгой албан татвараар нөхөн тооцуулахаар шийдвэрлүүлж чадсан юм.
Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд ЕврАзийн 200 гаруй сая хүн амтай, Орос, Беларусь, Казахстан, Киргиз, Арменийн гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох өргөн гарц нээгдэж байна.
Монголын компаниуд 367 төрлийн бараа бүтээгдэхүүнээ таван улсын зах зээлд экспортолно. Хэлэлцээрээс өмнө 15-50 хувийн татвартай байсан мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос ноолуурын 204, хөдөө аж ахуйн гаралтай 65 төрлийн бараа бүтээгдэхүүн ЕврАзийн зах зээлд гарах юм.
Худалдааны ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан хийсэн судалгаанаас үзвэл, мах, махан бүтээгдэхүүний экспорт 140% хүртэл өсөх тооцоололтой. Савхин эдлэл, арьс ширнийх 152%, оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 134% хүртэл өсөх боломжтой.
ЕврАзийн эдийн засгийн холбооны таван улсад мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 15 тэрбум доллар буюу 47,5 их наяд төгрөгийн зах зээл байна. Том зах зээлд нэвтэрснээр малын гаралтай түүхий эд, арьс шир үнэ цэнтэй болох, хийх ажил, авах цалин, малчид, үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөн нэмэгдэх өргөн боломжтой.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, шингэн, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжинг татваргүй оруулах жагсаалтаас 8 барааг бүр хассан. 11 бараанд квот хэмжээ тогтоож, тариф бууруулна.
Сахартай, сахаргүй хуурай сүүнд тус 1500 тонн квот тогтоосон. 90 сая ширхэг хүртэлх квот хэмжээтэй өндөгний гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7,5%-иар тооцохоор тохиролцсон байна. Цагаан архинд 30%, шар айрагт 18,75%-ийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5%-ийн татвартай байхаар тохиролцжээ.
2024 оны байдлаар Монгол Улсын Евразийн холбооны гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт 3.0 тэрбум ам.доллар байснаас импорт 2.9 тэрбум, экспорт 110 сая ам.доллар, нийт 2.8 тэрбум долларын алдагдалтай гарсан байна.
Энэ алдагдал 367 төрлийн бүтээгдэхүүний экспортоор багасах, өмнөх оноос 39 хувиар унаад байгаа нүүрсний үнийн бууралт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн савлагааны эрсдэлтэй үед нээгдэж буй шинэ боломж юм.
Нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёр түүхий эдийн үнээс үндсэндээ бүрэн хамааралтай Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, илүү олон орлогын эх үүсвэртэй болоход түлхэц өгөх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.