Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг болов.
Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга боллоо. НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцлоо. Энэхүү Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцжээ.
Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Уул ус тахих зан үйл нь монголчуудын хувьд нэн эртний өв соёл бөгөөд уул усыг тахих нь байгаль дэлхий бороо хураа хайрлаж, ургамал ногоо дэлгэрч, амьтай бүхэн амгалан жаргахыг бэлгэддэг билээ. Нийслэлийн иргэдийн баярыг угтан нийслэлийн хүрээ хийдүүд нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын ном хурлаа. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш "Хүрээ цам- Даншиг наадам" албан ёсоор эхлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.