УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөдөө аж ахуйн салбарт реформын шинжтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг сануулаад "Шинэ хоршоо" хөдөлгөөний гол зорилго нь малчид төрөөс гар харж амьдрахаас сэргийлж аж амьдралаа дээшлүүлэх боломжийг олгож чадсанаараа онцлог гэж хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх ажилд анхаарах зайлшгүй шаардлага тулгарсан. Тус салбарт реформын шинжтэй бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ салбар цаашаа явахад хүндрэлтэй болсон. Үүнтэйгээ эвлэрээд шинэчлэлээ хийгээд яваарай. Үүнийг УИХ-аас дэмжээд явна. Г.Ганбаатар гишүүн нөөцийн мах бэлддэггүй тогтолцооны талаар асууж байна. Энэ нь малчин өрх өдөр бүр зах зээлд мал нийлүүлж чадах тухай ойлголт. Зөвхөн намар махаа нийлүүлчихээд өвөл, хавар, зун хөлдөөсөн мах идээд суугаад байдаг. Тэгсэн атлаа мал аж ахуйн орон гээд байдаг. Шинэ хоршоо хөдөлгөөний гол зорилго нь малчдыг төрийн гар харж амьдрахаас сэргийлж байгаа юм. Урт хугацаатай зээл авч өөрсдийн аж амьдралаа дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм. Малчид маань өмнө нь банкнаас 24 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Намар,хавартаа зээлээ төлдөг. Банкны мөнгийг өсгөдөг хүмүүс болсон байсан. Харин одоо урт хугацаатай, хүү багатай зээл авч түүгээрээ бизнес эрхэлдэг болсон. Харамсалтай нь манайд өөр хүний санаачилсан ажлыг дэмждэггүй, унагаах гээд байдаг асуудал байдаг. Ийм бодлого байх ёсгүй гэдэг дээр анхаарах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.