СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-23

МСК-ын Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр энэ жилд ашиглалтад орохгүй нь

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна. 

Тухайлбал, 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдал усны дээжийг авч, шинжилгээ хийхэд бохирдлын хэмжээ нь MNS 6561:2024 стандартын шаардлагаас даруй 2-4 дахин өндөр байжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс, шир боловсруулах 15, ноос ноолуурын 19, өлөн боловсруулах 5, мах, махан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 6, талх чихрийн 14, архи, ундааны 10 нийт 101 аж ахуйн нэгжээс 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам /ХББОСЯ/-ны зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг 2021 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч үйлдвэрүүд өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй байна.

Иймд тус яам Монголын Мянганы сорилтын сан, Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцжээ.

Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулах төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдлын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй бол АНУ-ын МСК-ын 350 сая.ам.долларын буцалтгүй тусламжийн Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн барилга 2025 онд ашиглалтад орж, дулааны станцуудад нийлүүлж чадахгүйд хүрч байна.

Иймээс дээрх бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхийн тулд ХББОСЯ-аас ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.