Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон жил хүлээгдсэн хоёр аймгийг авто замаар холбох уг бүтээн байгуулалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдах юм. Увсын Боршоо, Ховдын Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ.
Мөн, Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжилд шууд болон шууд бус байдлаар чухал хувь нэмэр оруулах юм.
Нийт 163 км үргэлжлэх уг авто замын бүтээн байгуулалт гурван хэсгээс бүрдэж байна.
Төслийн нийт төсөв нь 55.63 сая ам.доллар бол 2025 онд 5.56 сая ам.долларын санхүүжилт тавигджээ. Монгол Улс, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөр дагуу уг төсөл 2028 оны 6-р сарын 22-нд бүрэн ашиглалтад орох төлөвлөгдөж байна.
Аймгийн иргэдийн зүгээс уг авто замын бүтээн байгуулалтыг олон жил хүлээсэн, хатуу хучилттай авто замгүйн улмаас тээвэр явахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл их тохиолддог талаар ярьж байна. Тиймээс уг зам ашиглалтад орвол юун түрүүнд тээврийн зардал буурахаас эхлээд зам дагасан худалдаа үйлчилгээ ч өргөжин тэлэх боломжтой гэлээ. Баруун бүсийн иргэдийн хувьд зах зээл рүү буюу Улаанбаатар, Замын-Үүд орохын тулд 1500-2000 км-ыг туулдаг. Харин авто замын бүтээн байгуулалтуудыг ийнхүү даруй эхлүүлж чадснаар өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, боомтуудаараа дамжуулан хөгжих боломжтой юм.
Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын "Лонг жиан роуд энд бридж" ХХК-ийн хувьд Ховд-Говь-Алтай, Сонгино – Тосонцэнгэл зэрэг улсын болон аймгийн чанартай дөрвөн авто замын нийт 800 гаруй км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай гэлээ. Уг бүтээн байгуулалтад 160 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцож, гурван жилийн хугацаанд чанарын шаардлагад нийцсэн авто замаа хүлээлгэн өгнө гэдгийг онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.