СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-20

“Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Монголбанк, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хороо (Reinventing Bretton Woods Committee) хамтран “Нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үе дэх дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Нийлүүлэлтийн гаралтай шокууд нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж, бодлого боловсруулагчдад сорилт болж байна. Энэ үед Төв банкнууд мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлэхийн тулд уламжлалт үүрэг ролио эргэн харах, тоон болон чанарын мэдээллийг сайжруулах, тооцоолол, дүн шинжилгээний арга техникийг боловсронгуй болгох, мөнгө-сангийн бодлогын уялдааг бэхжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн Олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал юм” хэмээн онцоллоо.

Энэ нөхцөл байдал нь мөнгөний болон төсвийн бодлогын чиг баримжаа, харилцан уялдааг дахин эргэж харах, тогтвортой байдлыг хангах шинэ гарц, шийдлийг эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байгаа билээ. Дэлхий нийтэд тулгараад буй энэхүү нийтлэг сорилтуудын талаар өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх гол талбар болохын хувьд энэ удаагийн хурлаар дараах сэдвүүдийг онцоллоо. Үүнд, дэлхий нийтийг хамарсан шокийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн шокод үзүүлэх мөнгөний бодлогын арга хэмжээ, Төв банкны оролцоонд гарч буй өөрчлөлтүүд, нийлүүлэлтийн шокод үзүүлэх төсвийн бодлогын арга хэмжээ, хиймэл оюун ухаан, дижиталчлал болон ногоон шилжилтийн макро эдийн засаг дахь үр дагавар, дэлхийн эдийн засгийн хуваагдлын үед хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын бодлого, арга замууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тодруулбал, ОУВС-ийн Төсвийн бодлого хариуцсан зөвлөх Митали Дас, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хорооны гүйцэтгэх захирал Марк Узан, Солонгосын Хөгжлийн институтын ерөнхийлөгч Дон Чул Чо, Чехийн Төв банкны Ерөнхийлөгч асан Мирослав Сингер, ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосиан, АХБ-ны Бүс нутгийн хамгийн ажиллагаа, интеграцын хэлтсийн захирал Жон Ву Канг зэрэг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд, судалгаа, хөгжлийн институтын эрдэмтэн, судлаач нар оролцож байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын холбогдох яамд, арилжааны банкны удирдлагууд, дотоодын зохицуулагч байгууллагууд, судлаачдын төлөөлөл зэрэг өргөн хүрээг хамарч байна.

Энэхүү өндөр түвшний хурал нь “Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой”-г тохиолдуулан 2024 онд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын амжилтад тулгуурлан, дэлхийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг нэг дор урин цуглуулж, дэлхийн эдийн засагт тулгарсаар буй сорилтууд, тэдгээрийг даван туулах бодлогын зохистой арга хэмжээ, тэр дундаа мөнгөний бодлогын хүрээнд гарч буй сорилтын талаар хэлэлцүүлэх үндсэн зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.