Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцлээ” гэдэг мэдээ түгэв.
Түүгээр, төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэх тухай мэдээллээ.
За ингээд, “…Цаашид бүсээ чангалж амьдрах нь” гээд бүгд ойлгов. Гэхдээ, гайхав.
Учир нь, ганцхан сарын өмнөх Засгийн газрын хуралдаан дээр Тэргүүн Шадар сайд нь “…Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр дүнд хүрч байна. Одоогоор хэрэгжиж эхэлсэн таван төсөл байна” гэж мэдээлж байжээ.
Ер нь бол, Монгол Улсын эдийн засаг сайн байгаа тухай мэдээ л сонсдог байв.
Гэтэл бид өнөөдөр яагаад бүсээн чангалах болчихов оо. Учир шалтгаан нь юу вэ. Сураад, сураглаад явсан нь, сүүлийн сар гаруйн хугацаанд өнөөх нүүрсний үнэ унаж, экспорт саарчээ. Нүүрс гэдэг маань Монгол Улсын амин зуулга шүү дээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан саяхан “…Шулуухан хэлье. Нүүрсийг одоо л худалдахгүй бол Баабарын хэлсэн шиг хог болно. Бид хойд хөршөөс шатахуун авахгүйгээр, урд хөршдөө нүүрсээ худалдахгүйгээр яаж амьдрах вэ. Агаарын юм ярих юм” гэж л байсан.
Мэдээж хэрэг, Трампын тарифтай холбоотойгоор Хятадын гангийн үйлдвэрлэл огцом багассан. Ингэхээр нүүрсний импортоо давхар багасгадаг. Энэ нөлөөлнө. Гэхдээ, үнэ нь, экспорт нь хоёул унажээ.
Графикаар үзвэл, Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын нээлт болсон 2025 оны тавдугаар сарын дунд үеэс хойш шулуун шугамаар уруудсан байх юм
Энэ талаар эдийн засагчид “…Хятадын гангийн үйлдвэрлэл багассан ч манай нүүрсний эзлэх нөлөө өндөр биш учраас экспорт багасах бодит шалтгаан гэж үзэхэд хэцүү. Мөн, Хятад худалдан авагч учраас нүүрсний үнийг тэд тогтоодог” гэв.
Нээрэн л, сүүлийн дөрвөн жилд тогтмол сайн байсан нүүрсний үнэ ердөө сар гаруйхны дотор навсайтал унаж, экспорт гацах тийш хандсан.Тэгвэл, энэ нь Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын нээлтийн өдөр Монголын улс төр “хөдөлж” эхэлсэнтэй холбоотой ч байж мэдэх аж.
Ямар ч гаднын улс орон өөрийнх нь оруулсан хөрөнгө оруулалтад хайнга, доромж байдлаар хандахыг таалахгүй л дээ. Тэр утгаараа, бид гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад байгаа бололтой дог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.