Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Улаанбаатар 2025" эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ өдрүүдэд Улаанбаатар хот 3х3 сагсанбөмбөгөөр амьсгалж байна. Тодруулбал Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайд Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Улаанбаатар 2025" эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн, "Улаанбаатар 2025" эрэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн, Фиба 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
Эдгээр тэмцээнүүдийн салхийг хагалж энэ сарын 18-ны өдөр эхэлсэн "Улаанбаатар 2025" эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 19-ны өдөр/ хасагдах шатны тоглолтуудаар үргэлжлэн явагдаж аваргуудаа тодруулна. Энэхүү тэмцээнд Канад, АНУ, Япон Австрали зэрэг нийт 9 орны 12 баг оролцож байна. Манай улсаас Монгол улсын шигшээ баг, Улаанбаатар амазонс, Амгалан U24 зэрэг гурван баг өрсөлдсөнөөс Улаанбаатар Амазонс баг хасагдах шатанд шалгараад байна.
Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд О.Хулан, М.Булбул, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар багтаж байгаа ба хасагдах шатанд хэдхэн хормын дараа Украины шигшээ багтай тулна.
Манай багийн хувьд хэсэгтээ Австрийн багт 17:11 харьцаагаар хожигдсон ч Филиппиний багийг 21:16 харьцаагаар хожсон байдаг.
Эх орныхоо нэрийг гарган амжилттай өрсөлдөж буй Улаанбаатар Амазонс багийн охиддоо амжилтын дээдийг хүсэн ерөөе.