СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-06-19

Монголын уран зохиолын сод төлөөлөгч Лодонгийн Түдэвийг дурсахуй

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Зуны налгар өдөр Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэнг зорьсон минь энэ.

Танхимд Монголын утга уран зохиол хийгээд бусад салбарт жинтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд цугласан байлаа. Тэдний яриа, дурсамж, дурдатгалаар дүүрэн агшны бас нэгэн онцлох зүйл нь Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн байв. Үзэсгэлэнд Л.Түдэвийн оюуны их бүтээлүүд болох “Уулын үер”, “Үл ажиглагдах онцгой учралууд”, “Болгар нутагт”, “Улаан долгион”, “Оройгүй сүм”, “Үгэн мөндөр”, “Нарнаас ус Уснаас гал”, “Хувьсгал танаа өчье”, “Монголын уран зохиолын дээжис” зэрэг ховорхон ном, зохиолыг нь дэлгэсэн байлаа. Зарим номын хавтас эрмэгээсээ үл ялиг халзарч, нугарсан ч хуудсыг сөхөн эхний өгүүлбэрээс нь уншихад л цааш үргэлжлүүлэн шимтэн суумаар тийм онцгой мэдрэмжийг төрүүлэх аж. Энэ агшинтай зэрэгцээд Л.Түдэв гуай хэмээх агуу хүмүүн энэхүү бүтээлүүдээ туурвихдаа ямархан эргэцүүлэлд автаж, бодож, тунгааж бичсэн бол гэж бодогдов. Тэнд цугласан олон хүнд энэ мэдрэмж төрсөн нь гарцаагүй байх.

“Л.Түдэв Судалгаа шинжилгээний ажил туурвихдаа баримтыг чухалчилдаг байжээ”

Уг арга хэмжээний бас нэгэн чухал зүйл эрдэм шинжилгээний хурал байлаа. Хурлын үеэр чиглэл тус бүрд олон сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан юм. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Байгалсайхан “XX зууны Монголын нийгэм улс төр,  утга соёл,  сэтгүүл зүйн тод үзэгдэл Лодонгийн Түдэв” илтгэлийг танилцууллаа.

С.Байгалсайхан

Тэрээр илтгэлдээ Л.Түдэв гуай бол улс төр, сэтгүүл зүй, соёл, уран зохиолын хувьд XX зууны монголын ард түмний төлөө  маш их зүйлийг хийж туурвисан хүн гэдгийг онцлон дурьдлаа.

Жишээлбэл, Л.Түдэв гуай Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа залуучуудын боловсрол, эрүүл мэнд, дэг журамтай  байх зарчмын хүрээнд ажиллаж байжээ. Мөн 1970-аад оны үед дэлгэрсэн "Илгээлтийн эзэн" хөтөлбөрийн хүрээнд олон залуу малчид бий болсон. Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Бор-Өндөрийн бүтээн байгуулалтын ажил зэрэг нь Монголын залуучуудын эвлэлээс зохион байгуулсан, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үзэл бодлын томоохон илэрхийлэл болжээ.

Ч.Жачин

Л.Түдэвийн Эрдэм судлал бүтээлийн талаар Гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин “Түдэв гуайн туурвисан олон бүтээлийн нэг хэсэг нь бол яах аргагүй эрдэм судлалын бүтээл. 1960-аад он гарснаас хойш эрдэм судлалын ажлаа сонирхож эхэлсэн байдаг. Л.Түдэв гуай “XXI зуунд баримтат зохиол хамгийн их үнэ цэнтэй болно” гэж хэлж байсан. Өөрөө судалгаа шинжилгээний ажлаа туурвихдаа баримтыг их чухалчилдаг байж.

Тэрээр бүтээлээ туурвихдаа олон улсын архивын баримт болон аман эх сурвалжийг ашигладаг байсан нь жишиг болон үлдсэн. Монголын утга зохиолын судлалын түүхэнд тод гэрэлтсэн зохиол нь  “Монголын уран зохиолын үндэсний болоод нийтлэг шинж” хэмээх бүтээл юм” хэмээлээ.

“Ардын ухаан, аман зохиолоос сэдвээ олж, зохиолын баатруудаа амилуулдаг”


Ч.Дагвадорж

Монголын орчин үеийн уран  зохиолыг нуруундаа үүрч явсан манлай эрдэмтэн, зохиолчийн нэг бол яах аргагүй Л.Түдэв гуай билээ. Энэ талаар соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж “Л.Түдэв гуайн уран зохиолын авьяас нь Багшийн сургуулийн оюутан байхаас дараа нь Багшийн Институтийн орос хэлний ангид суралцаж байх үеэс нь эхэлсэн. Анхны бүтээл нь “Сайн байна уу хүүхдүүддээ”  гэсэн бие даасан ном байсан. Хамгийн алдартай бүтээлийнх нь нэг бол 1959 онд гаргасан “Уулын үер” романы нэгдүгээр дэвтэр. . Л.Түдэв гуайн зохиол бүтээлийн нэг онцлог нь ардын ухаан, аман зохиолоос санаа сэдвээ олж зохиолын баатруудаа амилуулдаг. Зохиол бүтээл нь үзэл сурталд автаагүй. Зохиолчийн ургуулан бодсон, уран сайхны дүрээр амилсан содон дүрүүд байдаг. Нөгөө талаас бодит амьдралын жишээ болсон дүрүүд бий. Мөн Л.Түдэв гуай бол Монголын утга зохиолын олон төрөл зүйлд шинэчлэлийг авчирсан хүн юм. . 1960-аад оны эхэнд Л.Түдэв гуайн бичсэн эсээ гэж уран зохиолд тусгайлан тэмдэглэдэг байсан. Одоогийн уран зохиолд  эсээ гэх төрөл зүйл жинтэй байр суурь эзэлж байна” гэлээ.

Л.Түдэв  гуай бол Монголын уран зохиолын сод төлөөлөгч төдийгүй дэлхийн олон улс оронд олон хэлээр бүтээл нь түгсэн агуу хүн юм. Он цаг улирах тусам Л.Түдэв гуайн  содон хурц сэтгэлгээ, авьяас, сор болсон бүтээлүүд нь илүү их үнэ цэн, үлгэр дуурайлал болж, үргэлжилсээр буй.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.