Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Яармагийн хотын захиргаанаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан ахалж ажилласан.
Ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 600 албан хаагчаас судалгаа авч, эхний ээлжийн шаардлагатай байгаа 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардуулан өглөө. Албан хаагчид улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон Нисэхийн “Сөүл гарден” хотхонд түрээс төлөхгүйгээр амьдарна. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон батламж гардсан албан хаагчдын төлөөллөөс тодрууллаа.
Албан хаагчдад орон сууцны батламж гардуулах үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Төрийн албаны тухай хууль, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдуулан 18 албан хаагчид орон сууцны батламж, түлхүүр гардлууллаа. Албан хаагчид нийслэлд ажиллаж байх хугацаандаа түрээс төлөхгүй орон сууцаа ашиглана. Зөвхөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн зардлаа л төлөөд явна. Нийслэлд мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын төрийн захиргааны байрнаас алслагдсан байршилд амьдарч байсан албан хаагчдаа ийнхүү дэмжсэн бөгөөд цаашид ч орон сууц ашиглуулах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.