Арилжааны банк бол иргэдийн итгэл дээр тогтож байдаг эмзэг байгууллага. Ийм эмзэгхэн салбарт ажиллагсдын болчимгүй үйлдэл тухайн банкных нь нэр хүндэд асар их хор хохирол учруулж байдаг. Харамсалтай нь Монголын арилжааны хэд хэдэн банкныхан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ данснаас хулгай хийж, хохироож буй нь тэдгээрт итгэх иргэдийг итгэлийг алдруулж байгаа нь дамжиггүй. Ажилтнууд нь банкаа тоносон жишээ, баримт олон бий. Тухайлбал, “Голомт” банкны “Солонго” салбарын удирдах албан тушаалтан нь Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны дансан дахь 600 гаруй сая төгрөгийг луйвардсан хэргийг ч шүүхээр шийдвэрлүүлээгүй, илрүүлсэн цагдаагийнханд амласан 10 хувиа ч эл банкныхан өгөөгүй байгаа.
“Ариг” банкны хувьцаатай холбоотой үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, хөрөнгө оруулагч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, өдгөө ТУЗ-ийн гишүүн нь болсон “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан нарын маргаан нэг хэсэг олны анхаарал татаж, үүсгэн байгуулагч нь анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Дээд шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсноос хойш уг хэрэг сураг алдарч, харилцан ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийн гишүүн нь прокурорын байгууллагаас шагнуулсныг учир мэдэх хүмүүс шүүмжилсэн нь бий.
Монгол орны өнцөг булан бүрд салбартай ХААН банкны ажилтан нь “Голомт”-ын цахим банкны доголдлыг ашиглан харилцагч, хадгаламж эзэмшигчдийнх нь данснаас мөнгө луйвардаж байсан үйлдэл ч өнгөрсөн жил олны анхааралд өртөж байлаа.
Худалдаа, хөгжлийн банкны Сүхбаатар дүүргийн нутаг, Шангрила төвд байрладаг 432 дугаар салбараас 2022 оны тавдугаар сарын 25-нд хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Уг хэрэгт Б.Бямбадорж, Б.Энхбаатар, Б.Баттулга, Э.Энхсанжаа, Б.Түвшинжаргал, Ц.Энхтайван, Э.Золхүү, Ц.Ариунтамир, Ж.Баясгалан, Д.Гажидваанчиг нарыг яллагдагчаар татсан бөгөөд тэдний хоёр нь тус банкны ажилтан байсан гэх мэдээлэл хэрэг гарсны дараа цацагдсан ч өнөөг болтол батлагдаагүй юм. Энэ хэргийг шүүх одоо болтол эцэслэн шийдээгүй билээ.
Ийм олон жишээ баримт байдаг учраас иргэд банканд итгэж, мөнгөө хадгалуулахдаа, сайтар судалж, сонгож байх нь зөв болов уу. Уншигчдадаа шүүхээр шийдвэрлэсэн нэг бус хэргээс эш татан хүргэе.
“Голомт” банканд хадгаламж эзэмшдэг, түүндээ их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн дансанд ХААН банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын мэдээлэл технологийн ажилтан Т.Мөнхболд халдсан хэрэг өнгөрсөн онд гарч байсан юм. Тэрбээр “Сошл пэй” (Social pay) аппликэйшний “цоорхой”-г олж мэдээд, түүнийгээ ашиглан “Голомт”-ын харилцагчдын нэр дээрх данснаас багагүй хэмжээний төгрөг луйвардсан билээ. Тэрбээр энэ хэргээ үйлдэхээс өмнө ХААН банкны цахим үйлчилгээний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байхдаа Худалдаа хөгжил, Хас, “Голомт” зэрэг арилжааны банкуудын нэвтрүүлсэн аппликэйшнүүдийг нягталж үзэж.
Тодруулбал, Т.Мөнхболд нь ХААН банкны “Дижи пэй” (Digi pay) үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд судалгаа хийж байхдаа 2023 оын сүүлчээр “Голомт”-ын “Сошл пэй” үйлчилгээний цоорхойг олчихсон гэдэг. Улмаар 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд иргэн З.Б-гийн “Голомт”-ын дансанд нэвтэрч 1.5 сая гаруй төгрөгийг нь ХААН банкны данс руугаа шилжүүлэн авчээ. Тухайн өдрөө ганц дээрх хүнийг хохироогоод зогсохгүй иргэн Г.Э-ын дансыг “Сошл пэй” аппликэйшнтэй холбож, таван удаа гүйлгээ хийж, 9.8 сая гаруй төгрөг “туусан” нь тогтоогдсон юм.
Амташсан хэрээ 13 дахидаг гэгчийн үлгэрээр тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ж.Т-гийн “Голомт” банкан дахь дансыг “Сошл пэй” аппликэйшнтэй холбож, шинэ данс үүсгэн өөрчилж, 14 сая гаруй төгрөгийг нь авсан байна. Харилцагчдынх нь данснаас их хэмжээний мөнгө гараад байгааг “Голомт”-ынхон ажиглаж тухайн хүмүүс рүү нь залгаж лавласан аж. Гэтэл харилцагчид нь өөрсдөө мэдээгүй бөгөөд картынхаа гүйлгээ хийх эрхийг банкны ажилтнаар хаалгасан ч “Сошл пэй” үйлчилгээ ашиглан мөнгө шилжүүлээд байж. Тиймээс хохирогч нь “Голомт”-ын ажилтны зөвлөсний дагуу цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
ХААН банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын мэдээлэл технологийн ажилтан Т.Мөнхболд “Голомт” банкны харилцагчийн дансанд халдаж хакердан олон данс нээж, “Монпэй” аппликэйшн, бусад банкны данс руу шилжүүлэхээд зогсохгүй гадаадын “Пэй пал” (Pay pal) систем рүү ч нэг бус гүйлгээ хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болжээ.
Т.Мөнхболдод Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1-1-ийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, 26.1-2 дахь хэсгийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүх уг хэргийг 2025 оны хоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд Т.Мөнхболдыг кибер орчинд хууль бусаар халдаж мэдээлэл нэмж оруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцон кибер орчинд халдаж мэдээлэл нэмж оруулсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох, бусдын дансанд нэвтэрч мөнгийг нь хулгайлсан хэрэгт нь 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн юм. Тэрбээр шүүгчийн захирамжийн дагуу 60 хоногийн хугацаанд цагдан хоригдсон бөгөөд түүнийг нь эдлэх ёстой ялд оруулан 480 цаг нийтэд тустай ажил хийсэнд тооцсон байна.
Уг нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших түүнд Эрүүгийн хуулийн 17.1-1 дэх хэсэгт зааснаар хоёр, мөн хуулийн 26.1-2 дахь хэсэгт заасны дагуу нэг жил таван сар, ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил таван сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргасан ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан боломжит ялыг нь сонгож оноосноо шүүгч О.Жанчивнямбуу тайлбарлажээ.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай оруулсан хөрөнгөөсөө болж маргаж, шүүхээр талцаж байсан “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болсон “Ариг” банкны ажилтнууд ч иргэдийн дансны цахим бүртгэлд хууль бусаар халдаж өөрчлөн луйвардаж байсныг шүүх тогтоогоод байна. Тодруулбал, тус банкны Улсын их дэлгүүр, “Тумбааш” төв дэх “Хороолол” салбарын хоёр ч ажилтан ийм хэрэг өдүүлсэн аж.
“Ариг” банкны “Хороолол” салбарын ахлах теллер Б.Гомбосүрэн харилцагч Н.Т-ийн хадгаламжийн дансны мэдээлэл рүү орж, банкны бүртгэлийн систем дэх утасны дугаарыг өөрчилжээ. Улмаар түүний өмнөөс интернэт банкны эрх үүсгээд, түүнийгээ ашиглан 2023 оны арванхоёрдугаар сард гурван удаа гүйлгээ хийж, 36.5 сая төгрөгийг нь авсан байна. Үүний дараа өөр нэг харилцагч болох Д.Э-ийн ашигладаг дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрчлөн интернэт банкны эрх шинээр үүсгэж, хоёрхон хоногийн дотор 102 сая төгрөгийг нь луйвардчихсан аж.
Ингэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ дансны мэдээлэлд халдаж өөрчлөөд зогсохгүй, бэлэн мөнгөний касснаас 10-аад сая төгрөг авч завшсан байна. Шүүх түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.1-2.3 дахь хэсгийн “Бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан”, 26.1-2-ын “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн”, 17.4-1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэм буруутайд тооцсон юм. Прокуророос “Ариг” банкны дээрх салбарын ахлах теллер Б.Гомбосүрэнгийн хулгай хийсэн үйлдэлд нь гурван жил зургаан сар, кибер орчинд халдсан хэрэгт нь нэг жил найман сар, эд хөрөнгө завшсанд нь зургаан сар, нийт таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргасан аж. Харин шүүхээс түүнд дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, учруулсан нийт 153 сая гаруй төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Үүнээс гадна “Ариг” банкны Улсын их дэлгүүр дэх салбарын ажилтан С.Билгүүн орон сууцын зээл гаргаж өгөхийн тулд иргэдээс хахууль авсан хэргийг шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хэлэлцсэн юм. Тэрбээр иргэн А.Амарсанаагаас гурван сая, П.Мөнхтамираас 3.4 сая төгрөгийн хахууль эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан хэрэгт холбогджээ. Үүнийхээ хариуд тэдний орон сууцын зээл гаргуулах хүсэлтийг хүлээн авч, судлан, зээлийн дэд хорооны хуралд танилцуулж, шийдвэр шуурхай гаргуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэнэ. С.Билгүүний хувьд “Ариг” банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатарын тушаалаар 2023 оны аравдугаар сараас ажиллаж эхэлсэн нэгэн аж. Тэрбээр жинхэнэ ажилтан болоод удалгүй энэ хэргийг өдүүлсэн бөгөөд нэг холбогдогчтой нь “Эрэл” дунд сургуульд хамт суралцаж байсан, эртний найзууд гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тодорхой болсон байна.
НПГ-аас “Ариг” банкны Улсын их дэлгүүр дэх салбарын зээлийн эдийн засагч С.Билгүүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн бол иргэн А.Амарсанаа, П.Мөнхтамир нарт мөн хуулийн 22.5-1-т заасан эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж бусдад хахууль өгсөн хэмээн буруутган шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн хурлаас дээрх хүмүүсийг орон сууцын зээл гаргуулахын тулд хахууль өгсөн, авсан гэм буруутайд тооцсон байна. Улмаар Дээрх банкны Улсын их дэлгүүр дэх салбарын зээлийн эдийн засагчийг гурван сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь мөн хугацаагаар хассан байна. Түүнд хахууль өгсөн А.Амарсанаа, П.Мөнхтамир нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, 2.7 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хахууль болгож авсан 6.4 сая төгрөгийг С.Билгүүнээс гаргуулахаар болсон юм.
Банкны ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, энэ мэт байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироох тохиолдол гарч байна. Тиймээс иргэд харилцах банкаа сонгохдоо үүнд анхаарах ёстой болох нь. Түүнчлэн арилжааны банкууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироохгүй, нэр хүндээ хамгаалахын тулд боловсон хүчнээ сайтар судалж, сонгож байх шаардлагатай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.