Хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар болсон гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Ингэхдээ 535 тэрбум төгрөг хэмнэлтийн хуулиар хэмнэгдэж, үлдсэн 1.8 их наядын алдагдлыг урсгал зардлаас танахаар болжээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2025 он дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэж заасан. Энэ хууль энэ жилээс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийг илүү хариуцлагажуулж байгаа. Төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан ийм төсөл, хөрөнгө оруулалтыг төсөв дээр баталж байх зарчмыг баримталж байгаа. Ингээд тавдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоход 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй байна. Энэ мөнгө төрийн хэмнэлтийн хуулиар хэмнэгдэж байна гэж ойлгож болно.
Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд өөрийнхөө бодлогыг УИХ-д танилцуулсан байгаа. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна. Хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар танилцууллаа.
Төсвийн орлогын алдагдал маань 2.3 их наяд гэж урьдчилсан байдлаар гарсан. Ингээд тооцохоор 535-ыг хасаад бид 1.8 их наяд төгрөгийн төсвийг тодотгоно гэсэн үг. Урсгал зардал гэдэгт үндэсний хороод болон яамны дэргэдэх агентлагийг татан буулгах, нэгтгэх процесс хийгдэнэ. Төрийн албан хаагчийг 9 хувиар багасгана. Энд 14400 хүн байгаа.
Сайд нарын багц дээр байгаа худалдан авах ажиллагаанууд хэмнэлтэд орж байна. Тоног төхөөрөмж худалдан авалтуудын тендерээ зохион байгуулж чадаагүй асуудал байна.
Ирэх баасан гарагт Засгийн газар дахин ээлжит бусаар хуралдахаар боллоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.