Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжсэн. Энэ үеэр Бага хурлын гишүүдийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа Засгийн газар байгуулж ажиллана гэдгээ хэлж байв.
Түүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийхдээ ч “Нэр дэвшигч Дангаараа Засгийн газар байгуулж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тодотгож байсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуулт асуухад “Ерөнхий сайдаар томилогдвол хариулна. Ерөнхийдөө бүтэц бүрэлдэхүүнийг цөөлж, цомхон ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа.
Ийнхүү тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдон, тамгаа гардан авч, үүрэг ажилдаа орсон.
Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ, хэн хэн багтах вэ гэдэг асуулт сүүлийн хэдэн өдөр улс төрийн хүрээнд таамаг төдий байв. Тэгвэл уржигдар Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлж, өчигдөр УИХ-д суудалтай гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газар байгуулж буйгаа мэдэгдэв.
Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ эмхлэх гэж улс төрийн олон асуудалтай нүүр тулсан биз. МАН-ын гишүүдээс эхлээд бүлгээ хоёр хувааж, Ерөнхий сайдад хоёр ч шаардах бичиг ирүүлсэн.
Ингээд нэлээд хэд хоног хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд Г.Занданшатар МАН, ХҮН, ИЗНН гэсэн гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газраа танилцуулж, батлуулав. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярын хувьд Засагт ажиллах санал авсан ч өчигдөр яг чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын нэрс танилцуулахын өмнө хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Ингээд МАН-ын Төв байрны зааланд дангаараа байгуулагдахаар яригдаж байсан Засгийн газар, УИХ-ын чуулганы танхимд Их эвслийн Засгийн газар болж, парламент батламжиллаа.
УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танхимд ажиллах сайд нараа танилцуулсан. Ингэхдээ тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байдалд үндэслэх ёстой. Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн гуравны нэгийг хэвээр үлдээлээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталлаа. Засгийн газрын бүтцийг хадгалах нь хөтөлбөрт туссан мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэд чухал хөшүүрэг болно. Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж, улсын эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал байна. Геостратегийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ цаг үед Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Шинэ бүрэлдэхүүнд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оруулах нь зөв гэж үзлээ” гэв.
Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
Шадар сайд С.Амарсайхан
Шадар сайд Т.Доржханд
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
Сангийн сайд Б.Жавхлан
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
Боловсролын сайд П.Наранбаяр
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
Инновац, цахим хөгжлийн сайд Э.Батшугар
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаа илэрхийллээ.
Ингэснээр МАН энэ удаагийн Засгийн газарт нийт 16 сайдын суудал авч ингэхдээ найман сайдаа улираан томилж, хоёрыг нь сольж, зургаан шинэ сайд нэмэв. ХҮН хоёр, ИЗНН-аас нэг сайдтай Засгийн газар болж байна
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Аливаа бүтэц бүрэлдэхүүн шинээр эхлэхдээ ажлынхаа зорилгыг тавиад түүндээ таарсан бүтцээ зураад бүтцэдээ таарсан хүний нөөц бий болгож дараа нь төсөв мөнгөө тавих ёстой. Гэтэл хүнээсээ эхэлчихлээ. Өмнөх бүтэц бүрэлдэхүүн маш сайн байсан учраас өмнөх Засгийн газрын сайд нарын 50 орчим хувь нь улирч сонгогдсон гэж харагдаж байх шиг байна. Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Үүнээс үүдэж ААН-үүд хүнд байдалд орно. Зарим тоо баримтыг харахад хайран он жилүүд өнгөрсөн байна. Өнгөрсөн 10 жилд 90 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байгаа юм. Сүүлийн арван жилд нэг нам засагласан. Одоо эдийн засаг хүнд байдалд ороод байна. Төсөв томорсон. Ийм байхад дахин хуучин бүтцээрээ явах нь зөв үү. Өөрчлөлт орох ёстой биздээ. Бодлого, тогтолцооны өөрчлөлт хийхгүй юм уу” гэдэг байр суурь илэрхийлэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар “Наадмын дараа намар гэдэг. Яаралтай шийдэх олон асуудал байна. Бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөх боломж алга. Өвөл хүндрэх төлөвтэй. Гуравхан долоо хоногийн дотор төсөвт тодотгол хийгээд яаралтай ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Гадаад, дотоод нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байна. Ард иргэд бодит үр дүнг хүсэж байна. Боомт, 20 минутын гэх мэт сайдуудыг болиулсан байна. Боомтын асуудлыг хэн хариуцах вэ. Гашуунсухайт-Ганц мод хил холболтын ажил эхэлсэн. Энэ мэт боомтын хил холболтын асуудлыг хэн хариуцах юм үүнд Ерөнхий сайд сайн анхаараарай. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сангийн сайдын дэргэд экспортыг дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Тиймээс Сангийн сайдын дэргэд боомтын үндэсний хороог шилжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “ Засгийн газар 16 яам, 19 сайд гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна. Гурван сайдгүй яамыг төсвийн тодотгол хийхдээ хасахаар болж байгаа юм байна. Боомтын яамыг аль нэг яамны бөөрөнд аваачиж болохгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын асуудал байгаа. Мөн хөндлөнгийн хяналт бий болгох хэрэгтэй байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтыг сэргээх хэрэгтэй. Сайдын суудал шагнал биш. Үүрэг хариуцлага. Иргэдийнхээ амьдралыг мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цомхотголыг хийхдээ дээрээсээ буюу олон яам агентлагаас эхлээрэй. Хөдөө орон нутагт тэр дундаа сумуудад боловсон хүчин байхгүй шүү. Тэгшитгэж биш төсвийн мөнгийг хаана, хэн их зарцуулж байгаагаас цомхотголоо эхлэх нь зүйтэй” гэсэн санал хэллээ.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хувьд эмэгтэй сайд нар цөөхөн байгаад сэтгэл дундуур байна гэв. Сонгогдсон 19 сайд нар харьцангуй залуу хүмүүс байна. Т.Аубакир гишүүнийг үндэсний цөөнхийн төлөөлөл болгон оруулж иржээ. Энэ бол монгол төрийн Засгийн газар шүү. Аль нэг намынх биш. Эхнээсээ ажилдаа өсөрхөж биш жудагтай хандаарай гэж хэлмээр байна. Ажилдаа оччихоод намчирхаад, халаа сэлгээ хийж, ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна гэдгээ хэлье гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Төмөрбаатарын БАТСАЙХАН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.