Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Улс төр хагаралтай. Эдийн засаг хямралтай үед Засгийн газрын тэргүүнд горилогч нэг бол албан тушаал, эрх мэдэлд дуртай нэгэн. Эсвэл улс төрчийн хувьд ханцуй шамлаад хүнд үеийг даван туулъя гэж байгаа. Г.Занданшатар ханцуй шамлаад үзье гэдэг талдаа байгаа болов уу гэж итгэж байна.
Гэхдээ таалагдахгүй байгаа шалтгаанаа асуулт болгож илэрхийлье. Монгол төрийн Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль МАН-ын Бага хурал дээр болсон. Удирдах зөвлөлөөр ямар ч өрсөлдөөнгүй нэг хүн орж ирсэн. Бага хурал хэвлэлд хаалттай хуралдсан. Бага хурлын гишүүдийн гар утсыг хурааж авсан. Саналын хайрцгаа хөшигний ард задалж тоолсон. Энэ Ардчилсан ил тод нээлттэй байх, шударга зарчимд хэр нийцэж байгаа юм бэ?.
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэхэд удаа дараа нэг зүйлийг хэлсэн. “Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Зөрчилдөөд байна” гэж хэлсэн. Тухайн зөрчил нь юу байсан бэ. Та Ерөнхий сайд болсноор энэ зөрчил хэвээр үргэлжлэх үү. Эсвэл шийдлээ олох уу?.
Өмнөх Засгийн газрын кабинетын зарчим алдагдсан. Засгийн газраа огцруулахын төлөө ажилласан. Урвалт маш их байсан. Энэ байдал улс төрд жишиг болж тогтлоо. Итгэл төрөхгүй байна гэдэг шалтаан энд л байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Улс төр, цаг үеийн байдал маш хүнд байгааг ойлгож байгаа. Энэ үед намын нөхөд, төрийн нөхөд, Ерөнхий сайд итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй гэж бодсон. Би зөрчлийн субъект биш учраас тайлбарлах боломжгүй. Засгийн газрын кабинетын зарчим алдагдаж байсан олон тохиолдол бий. Бид хамтарч ажиллаж байж л ард нь гарна. Тиймээс арагшаа бус урагшаа харж ажиллана хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.