Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж хэлэлцэв. Ардчилсан намын бүлэг тус асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт ажлын цагаар хэлэлцэх саналыг гаргаж, нэгдсэн шийдэлд хүрэлгүй таржээ. Харин МАН-ын бүлэг 20 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдааны эхлүүлэх нь зөв гэж үзжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Манай бүлгийн гишүүд тэр тусмаа хуульч гишүүд өнөөдөр байнгын хороо, чуулганы хуралдаан 00:00 цаг даваад зургаадугаар сарын арваннэг рүү орно. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа. Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай гэх асуудлыг ярьсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд очиж магадгүй. Тиймээс би УИХ-ын даргын зөвлөлд сая санал гаргаад байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг пүрэв гаригт хуралдуулъя гэдэг санал гаргалаа гэв.
Харин МАН-ын бүлэг 20 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдааны эхлүүлэх нь зөв гэж үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
-УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харин одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, чуулганы хуралдаанд оролцох талаар нь санал солилцоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.