Улсын их хуралд гурван шатны шүүхээс ял авсан гэмт этгээд сууж байгаа. "Хуулийн мухардалд орсон" хэмээн түүнийг чөлөөлөхгүй байгаа ч цаанаа бол улс төрийн маш том тохироо хийсэн шиг байгаа юм. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд олон ч гишүүнийг өмнө нь хийсэн хэргийнх нь төлөө УЕП-ын саналаар УИХ хэлэлцэн чөлөөлж байв. Чухам ямар том тохироо хийгээд Даваагийн Цогтбаатар гэдэг гэмт этгээд Их хуралд суугаад байгаа нь ирээдүйд тодорхой болох биз ээ.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр амандаа ус балгасан юм шиг байдаг байсан нөхөр өнөөдөр гэнэтхэн хэлд оров. Орох орохдоо "Хотын гудамжаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчихож" хэмээн нийслэлийн удирдлагуудыг баалаад амжив. Өөрийнх нь хэргийн талаар байнга үнэнийг бичдэг сэтгүүлчдийн тухай "Хаалтын гэрээ хийдэг, даргыг унгахад магтдаг" гэж чимхээд амжив.
Үнэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнийг татаж чадахгүй болоод, мань эр суудалдаа 2028 он хүртэл суух нь тодорхой болсон учир зориг оров бололтой. Цаашид ч их "зоригтой" зүйл сонсож магадгүй боллоо шүү бид.
Хэргийг сануулбаас, Даваагийн Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.