МАН-ын бага хурал дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүн асан, Дархан аварга Б.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "Г.Занданшатар Ерөнхий сайд болбол буруу булхайтай юманд холбогдохгүй хүн" гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар овоо ажилласан гэж би үздэг. Эрүүгийн, Төрийн хэмнэлтийн, Ашиг сонирхлоос ангид байх, УИХ-ын ёс зүйн, Төрийн албан хаагдчын ёс зүйн хууль гээд олон хуулийг бид хамтдаа баталсан. Харин, төрийн албаар дамжиж хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийн эсрэг хуулийг л бид ганцхан баталж чадаагүй. Яг ямар шалтгаанаар засгийн газар унав гэдгийг хол байгаа учир би сайн мэдэхгүй байна.
Барьцаа, ашиг сонирхлын зөрчилтэй, нэг үгээр бол мөнгийг шүтээнээ болгосон хүмүүсээс салах ёстой. 2024 оны сонгуулиар миний энэ яриад байгаа шиг ашиг сонирхолтой хүмүүс сонгогдсон. Удам дамжсан, буруу замаар явж байсан хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нар, нөгөө хунтайж, принцесс нар ороод ирсэн байна.
-УИХ-ын дарга асан Г.Занданшатарын нэр Ерөнхий сайдад хүчтэй яригдаж байна. Энэ талаар?
-Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ. Хөдөө аж ахуйн дэд сайд байхаас нь мэднэ. Хэнтийн Чандаганы сангийн аж ахуйг хөл дээр нь босгож Хөдөлмөрийн баатар хүртэж байсан Гомбожав гуайн хүү. Ээж нь шүтлэгтэй, Гандан дээр эргэл мөргөл хийж олон жил таарч байсан.
Г.Занданшатар буруу булхайтай юмтай холбогдохгүй гэдэгт би итгэж байна. Миний шаардлагад хамгийн дөхүү хүн бол Г.Занданшатар.
Гэхдээ төрийн тамга авахаараа өөрчлөгдчих юм байна шүү дээ. Их хурлын сонгуулиар сайхан ярьдаг. Одоо чинь цэцэрлэгийн хүүхэд хүртэл сайхан ярьдаг болж. Ярихын цаана үг, үйлдэл хоёрын зөрүү байна гэдгийг бид бодох ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.